Skip links

Монголчуудын медиа хэрэглээний судалгаа

Share This Post

“Эм Эм Си Жи” компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэтэй судалгааг хэрхэн хийдэг болон Монголчуудын медиа хэрэглээний судалгааны үр дүнгийн талаар ярилцав.

Олон хүмүүсийн хувьд судалгаа гэхээр үнэн бодит байдалд нь анхаарал хандуулдаг. Танай байгууллагын судалгааны үр дүн хэр үнэн бодит байдалд нийцдэг вэ?

Юуны өмнө Зууны мэдээ сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Судалгааны хувьд үнэн, худал судалгаа гэж байдаггүй. Харин аргачлалын хувьд буруу, стандартын дагуу хийгдээгүйгээс болж судалгааны үр дүн алдаатай болдог. Түүнээс биш үнэн, худал судалгаа гэж мэргэжлийн түвшинд ярьдаггүй. Манайхан олон өрх, олон хүнээс авсан судалгааг үнэн судалгаа, цөөхөн хүнээс авсныг худлаа гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Алдаагүй судалгаа хийхийн тулд судалгааны түүвэрлэлтийг хэрхэн хийх вэ гэдгээс эхлэнэ. Түүвэрлэлт гэхээр тааралдсан хүнээс судалгаа авах, нэг цэгээс олон судалгааг авна гэсэн асуудал огт биш. Түүвэрлэлт хийх аргачлал нь магадлалын онол, математик статистикаар боловсруулагдсан байдаг. Манай компани сүүлийн 15 жилийн турш Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагуудын статистикийн мэргэжилтнүүдтэй хамтарч Монгол улсыг болон Улаанбаатар хотыг хэрхэн түүвэрлэвэл хамгийн үр дүнтэй болох талаар судалж, хөгжүүлсээр байна.

Тэгвэл танай байгууллага судалгаагаа ямар аргачлалаар, яаж авдаг вэ?

Манай компанийн нэг аргачлал бол google-ийн газрын зураг дээр газар зүйн бүсчилсэн түүврийн аргаар (area base) түүвэрлэлтийг хийдэг. Тухайлбал, дүүрэг бүрийг хороодод хуваан хороо тус бүрээ google-ийн газрын зураг ашиглан хэсгүүдэд хуваан хэсэг тус бүрээс өрхүүдээ нэг бүрчлэн кодолдог. Тухайн кодуудаас автоматаар өрхүүдээ санамсаргүйгээр сонгон, тухайн сонгогдсон өрхөөс бэлтгэгдсэн судлаач очиж таблетээр судалгаа авдаг. Таблетээр судалгаа авах нь тухайн судлаач сонгогдсон өрхөөс судалгаа авч байгаа эсэхийг нь GPS ашиглан хянах боломжтойгоос гадна 3G ашиглан тухайн судалгааны аудио бичлэг, дата мэдээлэл шууд манай төв оффисст ирдэг. Төв оффисын хяналтын ажилтнууд судалгааг тэр дор нь сонсож үзнэ. Хэрэв судлаач судалгаанд оролцогчоос асуулгаа буруу асуусан байвал түүнийг буцааж дахиж асуухыг зөвлөдөг. Гэх мэтчилэн манай байгууллага ухаалаг төхөөрөмж, программ ашиглан судалгааг маш нарийн хяналттай хийдэг.

Тэгэхээр танайх олон улсын стандартад нийцсэн судалгааг хийж байна гэсэн үг үү?

Тийм. Манай компани сүүлийн Монголын судалгааны стандартыг олон улсын судалгааны стандартад нийцүүлэхийн тулд маш олон ажлуудыг хийж байна. Өмнө нь зөвхөн хүнд найддаг систем байсан бол одоо технологи ашиглан улам боловсронгуй болсон. Бид судалгааныхаа бүхий л үе шатанд судалгааны олон улсын ISO 20252:2012 болон ESOMAR ёс зүйн стандартыг нэвтрүүлсэн. ESOMAR-ийн итгэмжлэгдсэн байгууллагууд харилцагчдын судалгааны мэдээллийг чандлан хадгалж, үр дүнг бодитоор гаргаж ёс зүйтэй ажиллана гэсэн үг. Ази Номхон далайн орнуудын APRC гэж холбоо бий. Манайх уг холбоонд Монгол улсаа төлөөлөн, гишүүн байгууллагаар ажилладаг. Эндээс судалгааны зарим аргачлал, туршлага, технологио хөгжүүлдэг. Харин бидний хувьд нэг баяртай мэдээ нь 2017 онд Монголдоо Ази Номхон далайн орнуудын чуулга уулзалт хийх эрхийг Сингапур, Тайвань улсуудтай өрсөлдөөд авсан. Ирэх оны есдүгээр сард болно. Энэ чуулга уулзалт судалгааны байгууллагын хувьд АСЕМ гэж ойлгож болно.

Танай байгууллага Монголчуудын брэнд болон медиа хэрэглээний судалгаа хийсэн гэсэн? Уг судалгаагаа манай уншигчдад танилцуулж болох уу?

Бололгүй яахав. Монголын маань компаниуд нэг үеэ бодвол судалгаа шинжилгээнд тулгуурлаад шийдвэр гаргадаг болж, төр засгийн түвшиндээ ч судалгаанд ач холбогдол өгдөг болж. Тийм учраас бүх л компанид судалгаа хэрэгтэй байгаа. Зөвхөн нэг компанид зориулсан судалгаа хийгээд байх бус нийт компаниудад зориулсан үнийн хувьд боломжийн чанарын хувьд шаардлага хангахаар судалгаа хэрэгцээтэй болсон. Энэ үүднээс бид 2014 оноос эхлээд Монголчуудын брэнд медиа хэрэглээний Синдикат судалгааг хийж эхэлсэн. Манай судалгаанд хүнс, ундаа, гоо сайхан, хүүхдийн бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл гээд 80 гаран төрлийн 1000 орчим брэнд, 300 гаруй медиа хэрэгсэл хамрагдсанаас гадна Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг, ямар спорт сонирхдог зэрэг үр дүнг үндэсний хэмжээнд харах бололцоотой. Энгийнээр хэлбэл бүх л төрлийн зах зээлийн судалгааны үр дүнг худалдаалдаг супермаркет гэж хэлж болно.

Үндэсний хэмжээнд гэдгийг та тодруулаач?

Үндэсний гэдэг тодотголын хувьд энэхүү судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүргээс гадна, 17 аймгийн 24 сум суурин газрын хэрэглэгчдийг түүвэрлэн хамруулсан маш өргөн тархалттай, үндэсний хэрэглээний төлөв хандлагыг төлөөлөх чадамжтай гэсэн үг. Газар зүйн байрлалаар хүмүүсийн хэрэглээний үзүүлэлт, аймгийн төвийн болон сумын иргэдийн хэрэглээний үзүүлэлтийг харах боломжтой болж байгаа юм.

Өнгөрсөн оны хувьд Монголчуудын медиа хэрэглээ хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Монголчууд аль мэдээллийн эх үүсвэрээс мэдээллийг авч байна вэ?

Өмнө нь хүмүүс уламжлалт мэдээллийн хэрэгсэл болох телевиз, радио, сонин хэвлэлээс мэдээлэл авдаг байсан бол одоо маш олон платформоос мэдээллийг авах боломжтой болсон байна. Судалгааны үр дүнд интернэтийн хэрэглээ асар хурдтай нэмэгдсэн. 2014 онд хүмүүсийн интернэтэд өнгөрүүлэх цаг телевиз үзэх цагаас бага байсан бол 2015 онд ажлын өдрүүдэд дунджаар 189 минутыг интернэтэд өнгөрүүлж 134 минутыг телевиз үзэхэд зарцуулдаг болсон байна. Амралтын өдрүүдээр 246 минутыг интернэтэд, телевиз үзэхэд 200 минутыг зарцуулдаг. Эндээс харьцуулахад телевиз үзэхэд зориулдаг цагаас интернэтэд өнгөрүүлэх цаг давж гарсан. Тэгэхээр хүмүүс мэдээллийг гол төлөв интернэтээс авдаг болсон байна.

Хэвлэмэл мэдээллийн хэрэгслийн салбарт ажилладаг хүний хувьд сонихолтой байгаа үр дүн нь Монголчууд сониноос мэдээлэл авах хандлага хэр байна вэ? Ямар сонинг Монголчууд хамгийн их уншдаг бол?

Сонин сэтгүүлийн хувьд онцлогтой үр дүн гарч байгаа. Бидний судалгаагаар тухайн сониныг яг хэдэн хүн уншиж байгааг гаргадаг. Сонин сэтгүүлийг хүмүүс гар дамжуулан унших хандлага их байдаг. Монголчуудын 18-аас дээш насны хүн амын 50 хувь буюу 989’933 хүн сонинг ямар нэгэн байдлаар уншиж байна. Улаанбаатар хотын уншигчдын 33 хувь, орон нутгийн уншигчдын 38 хувь нь “Зууны мэдээ” сониныг уншдаг бол “Өдрийн сонин”-г хотын уншигчдын 40 хувь, орон нутгийн уншигчдын 32 хувь нь уншиж байна. Нийлбэр дүнгээрээ Монгол орон даяар “Зууны мэдээ” болон “Өдрийн сонин” хамгийн олон уншигчтай болж байна. Миний хувьд “Зууны мэдээ” сониныг хамгийн их уншигчтай сонин гэж мэдээгүй. Гэтэл судалгааны үр дүнгээр хамгийн их уншигчтай гэж гарсан. Зарим хүмүүс судалгааны үр дүнг захиалагчийн талд нийцүүлж гаргалаа гэж хардах тохиолдол байдаг. Гэхдээ бидний хувьд судалгааны үр дүнд ямар нэгэн өөрчлөлт, гадны нөлөөлөл огт оруулдаггүй. Сайн, муу ямар ч үр дүн гарснаас үл хамааран яг л байгаагаар нь захиалагчдаа өгдөг. Хэрэв бид үр дүнг өөрчлөөд, нөлөөлөөд байвал хүмүүс судалгаанд итгэхээ больж, бидний хувьд харилцагчаа алдаж, ашиг орлогогүй болно шүү дээ.

2015 оны Монголчуудын медиа хэрэглээний үр дүнг та сая хэллээ. Гэтэл аливаа судалгааны үр дүнг гарсан даруйд нь олон нийтэд мэдээлбэл илүү үр дүнтэй байх л даа. Магадгүй манай уншигчид 2015 оны үр дүнг 2016 он дуусах гэж байхад яриад байгааг гайхаж байгаа болов уу?

Мэдээж одоо мэдээлж байгаа нь үр дүн буурч байгаа мэт боловч олон улсад судалгааны байгууллагууд оны төгсгөл рүү өмнөх оны үр дүнг танилцуулдаг жишигтэй. Энэ жишгийн дагуу бид тухайн оны төгсөлд өмнөх оны үр дүнг гаргаж байгаа юм. Энэ нь олон нийтэд судалгааны үр дүнг хуваалцах, энэ төрлийн судалгааг авч болох юм байна гэсэн ойлголтыг төрүүлэх, мэдээлэл хүргэх зорилготой юм. Бид судалгааныхаа зарим үр дүнг байгууллагынхаа facebook page хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн байгаа.

Тэгэхээр 2016 оны медиа хэрэглээний үр дүнг 2017 оны өдийд танилцуулна гэсэн үг үү?

Тиймээ. Одоо 12 сарын 15-наас 2016 оны үр дүн гарна. Энэ судалгаа үндэсний хэмжээнд яваад дуусч байна. Үр дүнд нь 2014-2016 он хүртэлх гурван жилийн динамик үзүүлэлт гарах онцлогтой. Үүнийг авч болно гэхдээ гэрээтэй болон захиалга өгөн худалдан авч буй байгууллагууддаа л өгөх боломжтой. Хэрэв байгууллагууд маань урьдчилан захиалга өгвөл 10%-ийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой.

Цаашлаад өөр олон сонирхолтой судалгааг мэдээллэх боломжтой юу?

Манайх олон улсын байгууллагуудын болон өөрсдийн зардлаар нийгмийн олон судалгааг хийдэг. Цаашдаа улс орны хөгжилд хэрэгтэй сонирхолтой судалгааг “Зууны мэдээ” сониноор дамжуулан нийтэд хүргэх боломжтой. Хүсвэл Монголчуудын медиа хэрэглээний 2015 оны үр дүнг танай сонинд цувралаар өдөр бүр нийтлэх боломжтой юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ