Анхан шатны боловсруулалтаас эхлээд эцсийн шатанд бүтээгдэхүүн үйлдвэрлэн Монгол Улсын болон гадаадын зах зээлд хүргэж буй энэ салбарт тулгамдаад байгаа хамгийн том асуудал нь хүний нөөцийн буюу мэргэжлийн боловсон хүчний хомсдол, ажиллах хүчний мэргэжлийн ур чадварын дутагдал байдаг байна.
Хүний нөөцийн дутагдал нь Уул уурхай болон Барилгын салбарын ажилчдын эрэлт хэрэгцээнээс шалтгаалдаг бол мөн энэ салбарт мэргэжилтэн болохоор бэлтгэгдсэн хүмүүс салбарынхаа талаар ойлголт мэдлэг муутай төгсөх, энэ чиглэлээр цаашид ажиллах сонирхолгүй төгсдөгөөс шалтгаалсан хүний нөөцийн хомсдол ч их байна.
Шинээр төгсөж байгаа мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар үйлдвэрлэл дээр гараад гологддог болон угаасаа ажиллах хүч хомс байдгаас үйлдвэрүүд шинэ ажилтан авахдаа заавал мэргэжлийн сургууль төгссөн байх шаардлага тавьдаггүй байна. Тиймээс бүх шинэ ажилтнаа эхнээс нь өөрсдөө сургаж, дадлагажуулж авдаг ч ажлын байран дээрээ тогтвортой ажиллах нь ховор байдаг нь үйлдвэрүүдийн удирдлагуудын цаг зав, хөрөнгөө дэмий үрсэн хүндрэлтэй асуудал болдог ажээ.
Үйлдвэрлэлээ зогсолтгүй явуулах, машин бүрийг сул зогсолтгүй ажиллуулах үүднээс ажилтан авах бүхий л сувгуудийг ашигладаг бөгөөд зарим томоохон үйлдвэрүүдийн хувьд Хойд Солонгосоос ажилчид оруулж ирж ажиллуулах арга хэмжээг ч авч хэрэгжүүлжээ. Ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр тэдний нийгмийн халамжийн хүрээнд хүүхдийн цэцэрлэгийн хангамжийн асуудлыг шийдэх, байр орон сууцны асуудлыг шийдэх зэргээр цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Мөн ажиллах хүчний хомсдолтой холбоотойгоор энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа ШУТИС-ҮТДС болон Монгол-Солонгосын коллежиудтай хамтарч оюутнуудыг үйлдвэр дээрээ дадлагажуулах, практик ур чадвар олгох тал дээр бүх талаар хамтран ажиллах сонирхолтой байдаг байна.
Манай компанийн хувьд энэ төрлийн судалгааг хийсэндээ маш талархалтай хандаж байгаа бөгөөд төр засгийн зүгээс энэ салбарт өндөр ур чадвартай мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх тал дээр шийдвэртэй арга хэмжээ авч, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.