Skip links

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН ХАНДЛАГЫН СУУРЬ ТҮВШИНГ ТОГТООХ СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 2013-2016 онд хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх үндсэн зорилготой юм. Уг төслийн хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн хандлагын суурь түвшинг тогтоох” судалгааг 2015 оны 2 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал 3 сарын хугацаанд 5 аймгийн 15 сум, нийслэл Улаанбаатар хотын 7 дүүргийн 20 хороог хамруулан Эм Эм Си Жи ХХКомпани амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн судалгаа нь НӨУБ-ын талаарх олон нийтийн хандлагыг тодорхойлох үндэсний хэмжээний анхны судалгаа болж байгаагаараа онцлог юм.

Уг судалгааны хүрээнд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан бөгөөд ИТХ-ын төлөөлөгчид болон нутгийн иргэдийн санаа бодлыг 2 талаас нь судалж, үр дүнг нэгтгэн дүгнэсэн нь аль аль талын үзэл бодол, ойлголтын зөрүүг тодруулснаараа ач холбогдолтой байлаа. Судалгаанд нийслэл хот болон хөдөө орон нутгийн нийт 1200 өрх болон нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөл хамрагдсан.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэмээх байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар Улаанбаатар хотын иргэдийн 32%, хөдөө орон нутгийн иргэдийн 71% нь ямар ч ойлголт төсөөлөлгүй “огт мэдэхгүй” гэсэн хариулт өгчээ. Энэ нь иргэд нийтээрээ нутгийн өөрөө удирдах байгууллага, төлөөллийн ардчиллын талаарх мэдлэг мэдээлэл, ойлголт маш муу байгааг харуулж байна. ИТХ-ын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар ерөнхий ойлголт муу байсны зэрэгцээ уг байгууллага нь аймаг/нийслэл, сум/дүүргийн гэсэн 2 түвшинд ажилладаг талаар ойлголт бүр ч дутмаг байсан. Гэтэл өөрийн тойргоос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчөө Улаанбаатар хотын иргэдийн дөнгөж 4.8% нь зөв нэрлэж чадаж байгаа бол хөдөө орон нутгийн иргэдийн 23.7% нь зөв нэрлэж чадаж байна. Судалгааны дэлгэрэнгүй тайлан ном болж хэвлэгдсэн бөгөөд орон нутаг бүрт тараагдаж байгаа тул ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид танилцаж, үйл ажиллагаандаа үр дүнтэйгээр ашиглана гэж төслийн багийн зүгээс найдаж байна.

Энэхүү судалгаа нь НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэх, үр нөлөөллийг сайжруулах, иргэдийн ойлголт хандлагыг сайжруулах ажилд чухал үр дүнтэй судалгаа болсон гэж бид дүгнэж байна. Энэ төслийг санаачлан хэрэгжүүлж, хамтран ажилласан Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон олон улсын хандивлагч байгууллагуудынхаа цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ