Манай компани Дэлхийн Банкны санхүүжилтээр Үндэсний Статистикийн Хороо (http://www.nso.mn)-ноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын үндэсний статистикийн тогтолцоог боловсронгуй болгох МОНСТАТ” төсөл (http://monstat.nso.mn/)-ийн хүрээнд “Статистик мэдээлэл хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн 2012 оны судалгаа”-г амжилттай гүйцэтгэлээ. Статистик мэдээллийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин нь МОНСТАТ төслийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх үндсэн үзүүлэлт болж байгаа бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд тогтмол судалгаа явуулж, хүрсэн түвшингээ тодорхойлох юм. Энэхүү судалгаанд статистик тоо мэдээллийг тогтмол хэрэглэдэг, ҮСХ-ны Мэдээллээр үйлчлэх төвд бүртгэлтэй, зорилтот 7 салбарын хэрэглэгчдийг түүвэрлэн авч, зорилтот хэрэглэгчдийн статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээний холбогдох үзүүлэлтэд өгч буй ач холбогдлын болон сэтгэл ханамжийн үнэлгээг тодорхойлж, хэрэглэгчдийн хүлээлтэд үндэслэн Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн индексийг тооцон үнэлэлт, дүгнэлт өгсөн.
Энэхүү судалгаа нь MMCG компаниас зах зэлд нэвтрүүлээд буй Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох ServQual загварт суурилсан Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны үйлчилгээг төрийн байгууллагын үйлчилгээнд хоёр дахь удаа туршин үзсэн, судалгааны бүхий л үе шатанд мэргэжлийн ёс зүйн Эзомар код болон Маркетингийн болон социологийн судалгааны олон улсын ISO20252:2012 стандартын дагуу гүйцэтгэсэн онцлог судалгаа боллоо.
Захиалагчдын зүгээс олон улсын дэвшилтэт нийтлэг арга зүйд нийцсэн, цаашид бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулахад шаардлагатай чухал үр дүнг гаргаж өгсөн судалгаа болсон гэж дүгнэсэн.