Өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний хэрэглээг хэмнэхийг уриалсан “Тог-оо тохируулъя 17-22” нийгмийн нөлөөллийн аян нь хэрэглэгчдийн хандлага, мэдлэг, зан төлөвт эерэг нөлөө үзүүлсэн болох нь судалгаагаар батлагдлаа.
Энэхүү судалгааг манай компани нь олон улсын стандарт (ISO 20252:2019, ESOMAR)-ийг баримтлан, 2024 оны 5–9 дүгээр сарын хооронд хэрэгжүүлж, Улаанбаатар хотын 556 өрх, эрчим хүчний салбарын 10 гаруй байгууллагын төлөөлөгч, 90 өрхийн хэрэглээний дата мэдээллийг хамруулсан өргөн хүрээтэй судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд уг аян нь дараах эерэг нөлөөллийг үзүүлсэн байна.
“Тог-оо тохируулъя 17-22” нийгмийн нөлөөллийн аян нь олон нийтийн цахилгаан эрчим хүчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, эрчим хүчний хэмнэлт хийх үйлдэлд хөтөлсөн байна.
Нөлөөллийн аяны талаар сонссон иргэд, нөлөөллийн аяны талаар сонсоогүй иргэдээс цахилгаан эрчим хүчний талаарх мэдлэг, хандлага болон эрчим хүчээ хэмнэх үйлдэл хийх байдал илүү байна.
- Нөлөөллийн аяны талаар сонссон иргэд сонсоогүй иргэдээс 19-28 нэгжээр илүү мэдээлэлтэй байна.
- Нөлөөллийн аяны талаар сонссон иргэд сонсоогүй иргэдээс 2-9 нэгжээр илүү эерэг хандлагатай байна.
- Нөлөөллийн аяны талаар сонссон иргэд сонсоогүй иргэдээс 1-13 нэгжээр илүү үйлдэл хийсэн байна.