Skip links

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн гуравдах удаагийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ

Share This Post

Монгол Улсын Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн ур чадварын хөгжил болон ажлын байранд шилжих арга хэлбэрийг судалж, мэдээллийн сан үүсгэн, дүн шинжилгээ хийх замаар боловсрол болон хөдөлмөрийн зах зээл хоорондын нарийн уялдаа холбоог харуулсан мэдээллээр хэрэглэгчдийг хангах, төгсөгчдийн ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн үр ашигтай бодлого боловсруулахад ашиглах анхдагч мэдээллийг бий болгох зорилгоор “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г гурав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн 2015 оны судалгаа”-ны мэдээлэл цуглуулах, мэдээллийн санг бүрдүүлэх зөвлөх үйлчилгээ, судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэлээ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд манай компаниас дараахь ажлуудыг хийсэн:

– Судалгааны мэдээлэл цуглуулах судлаачдад сургалтыг зохион байгуулж, сургалтанд оролцогчдоор дадлага ажил хийлгэж, тэднээс шалтгалт авч, судалгааны мэдээлэл цуглуулах судлаачдын багийг бүрдүүлсэн.

– Мэдээлэл цуглуулалтын бэлтгэл ажлын хүрээнд судалгаанд оролцогчдын өгөгдсөн утасны дугаарууд руу компанийн САТI (Computer Assisted Telephone Interview) төвөөр дамжуулан залгалт хийж, холбогдон судалгааны зорилго ач холбогдлыг тайлбарлан судалгаа авах цаг, байрлалыг товлосон.

– Дээр дурдсан мэдээлэл цуглуулалтын бэлтгэл ажлын явцад судалгаанд оролцогчдын өгөгдсөн утасны дугаарууд холбогдох боломжгүй байх, ашиглалтанд байхгүй болсон, дугаар өөр эзэмшигчид шилжсэн зэрэг шалтгаанаар судалгаанд оролцогчдыг тодруулах боломжгүй болсон, өмнөх жилийн судалгааны мэдээллийн сан дахь гэрийн болон ажлын газрын хаяг өөрчлөгдсөн тохиолдлууд олон гарсан хэдий ч судалгаанд оролцогчдыг олж тодруулах, судалгаа авах чиглэлээр дараахь арга хэмжээг авч ажилласан. Үүнд:

– Баг, хорооны Засаг дарга нар, тэдний ажлын алба болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад хандсан албан бичгийг захиалагч байгууллагаар гаргуулан авч судалгаанд оролцогчдын харъяа баг, хороо болон ажиллаж буй болон ажиллаж байсан албан газраар орж тодруулсан.

– Их, дээд сургууль, МСҮТ-ийн болон төгсөгчдийн, тухайн нэг сургууль, ангийн төгсөгчдийн, гадаад суралцаж ажиллаж байгаа Монголчуудын Facebook групп болон бусад сошиал сүлжээн дээр судалгааны зорилго ач холбогдлыг танилцуулах, судалгаанд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг агуулсан пост бэлтгэн тараасан.

– Судалгаанд оролцогчдын имэйл хаягаар судалгааны талаар мэйл илгээж, тодорхой тооны оролцогчдыг гадаадад ажиллаж, суралцаж байгаа олж тодруулсан.

– Biznetwork, unegui.mn, labornet.mn зэрэг ажил хайгчдын мэдээллийн мэдээллийн санд нэвтрэх эрхийг авч ажил хайгчдын дундаас судалгаанд оролцогчдыг олж тодруулах ажлыг хийсэн.

– Мөн их, дээд сургууль, МСҮТ-ийн Сургалтын албад, Төгсөгчдийн холбоонд хандан төгсөгчдийн талаарх мэдээллийг тодруулсан.

– Үндэсний статистикийн хорооноос Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг явуулж байгаатай холбогдуулан аймаг, дүүргийн статистикийн хэлтэстэй хамтран судалгаанд оролцогчдын оршин суугаа хаягийг тодруулсан.

– UBS телевизээр судалгааны зорилго ач холбогдлыг танилцуулах, судалгаанд хэрхэн хамрагдах талаарх мэдээлэл бүхий зарыг мэдээлэл цуглуулалтын хугацаанд цацсан.

– Судалгааны мэдээлэл оруулах, шалгах программыг CSPro програм дээр бэлтгэн судалгаанд оролцогчидтой нүүр тулсан ярилцлагаар таблетаар (CAPI-Computer Assisted Personal Interview) мэдээллийг цуглуулсан. Судалгаанд оролцогчтой нүүр тулсан байдлаар судалгааг авах боломжгүй тохиолдлуудад судалгааг утсаар авсан.

– Судалгаанд оролцогчдын байршлыг тодруулах дээр дурдсан оролдлого, арга хэмжээний үр дүнд судалгаанд хамруулах 3017 оролцогчийн 92.9% буюу 2803 оролцогчийн мэдээллийг олж тодруулан, судалгаанд оролцох боломжгүй 96 оролцогчийг хасаад 2633 оролцогчоос судалгааг бүрэн авч чадсан нь судалгаанд хамруулах боломжтой оролцогчдын 90.1% болж байна.

– Мэдээлэл цуглуулалтыг хийх явцад таблет дээр ярилцлагын аудио бичлэгийг хийж, ярилцлага бүрийг цуглуулсан мэдээлэлтэй тулган сонсож чанарын хяналтыг хийж ажилласан.

– Мэдээллийн санд шаардлагатай шалгалтуудыг хийж, засвар өөрчлөлтийг хийж, судалгааны мэдээллийг захиалагч байгууллагад шаардлагатай хэлбэрт шилжүүлэн, ярилцлагын бичлэг зэрэг бусад мэдээллийн хамт архивлан хүлээлгэж өгсөн.

Захиалагч байгууллагын зүгээс манай компани уг судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг мэргэжлийн болон ёс зүйн стандартын дагуу чанарын өндөр түвшинд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйг ашиглан гүйцэтгэж, мэдээлэл цуглуулалтыг хугацаанд нь хүлээн зөвшөөрөгдөхүйц гүйцэтгэлтэйгээр зохион байгуулж ажилласанд талархалаа илэрхийллээ.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ