Skip links

УЛААНБААТАР ХОТЫН ТЭГШ БУС БАЙДАЛ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙН СУДАЛГАА-2014

Share This Post

Бид уг судалгааг 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Судалгааны 1-р шатанд тоон судалгаа буюу асуулгаар нүүр тулсан ярилцлагын аргаар /PAPI/, 2-р шатанд чанарын судалгаа буюу Фокус бүлгийн ярилцлага /FGD/-аар мэдээллийг цуглуулсан.

Судалгааны 1-р шат болох тоон судалгааны түүврийн дизайнд бид Талбарт суурилсан түүврийн хүрээ /Area Based Sampling Frame/ болон Жагсаалтад суурилсан түүврийн хүрээ (List Frame)-г хослуулан хэрэглэсэн. Энэхүү түүврийн дизайныг ашигласнаар Улаанбаатар хотод оршин амьдарч  байгаа бол тухайн хороо, хэсэгтээ бүртгэлтэй эсэхээс үл хамааран судалгаанд хамрагдах тэгш боломжийг олгож байгаа төдийгүй, судалгааны түүвэрлэлтэд тухайн байршлаас нүүсэн хэдий ч бүртгэлээс хасаагүй өрх сонгогдохгүй байх гэх мэт чухал давуу талуудыг бий болгож байгаа юм.

Дээрх түүврийн дизайны дагуу түүвэрлэлтийг хийхийн тулд бид эхлээд Улаанбаатар хотын нийт 9 дүүргийн 152 хорооны 1168 хэсгийн жагсаалтыг холбогдох эх үүсвэрээс мэдээллийг авч нэгтгэн бэлтгэсэн. Бэлтгэсэн жагсаалтаас түүврийн эхний шатанд санамсаргүйгээр 300 хэсгийг сонгож, хэсэг тус бүрт тооллого өрх, сууцны тооллогыг нэлэнхүй байдлаар хийж, өрхийн жагсаалтыг байршлаар нь бэлтгэсэн. Уг тооллогоор тухайн хэсгийн хил дотор байрлах сууц тус бүрийг хүн амьдардаг болон амьдардаггүй гэх байдлаар тодорхойлон газрын зураг дээр тэмдэглэн,  давхар өрхийн жагсаалт үүсгэсэн. Ингэхдээ бид гэр хорооллын хэсгийн хилийг Нийслэлийн Захирагчийн алба болон Азийн сангийн 2013 онд хамтран хийсэн зургийн (http://manaikhoroo.ub.gov.mn/) дагуу тоолсон бол орон сууцны хорооллын хэсгийн хилийг өрхийн тоо, орон сууцны барилгын байршлыг харгалзан үзэж өөрсдөө тодорхойлон өрх тус бүрийг нэг бүрчлэн тоолж, өрхийн жагсаалтыг үүсгэсэн юм. Ингэснээр тухайн гэр хорооллын хэсэгт шинээр нүүж ирсэн, албан ёсоор хэсэг, хороондоо бүртгүүлээгүй өрхүүд, түрээсийн сууцанд амьдарч буй өрхүүд, орон сууцны барилгын подволийн давхарт болон түрээсийн орцны жижүүрийн өрөөнд амьдарч буй гэх мэт бүхий л өрхийг хамарсан бүрэн хэмжээний жагсаалтыг бүрдүүлж чадсан.

Тоон судалгааны түүврийн 2-р шатанд бид 300 хэсгийн тооллого судалгааны үр дүнд үүсгэсэн өрхийн жагсаалтаас 10 өрхийг хэсэг тус бүрээс санамсаргүйгээр сонгож, нийт 3000 өрхийг судалганд хамруулж, нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээллийг цуглуулсан. Тоон судалгааны түүврийн тархаалтыг дараах холбоосоор орж харна уу: https://mmcg.mn/mmcg/n/6/253

Мөн бид судалгаандаа GPS буюу байршил тогтоогч төхөөрөмжийг ашигласан бөгөөд судалгаа авсан өрхийн байршлыг өргөрөг, уртраг, далайн төвшнөөс дээшхи өндөрийн хэмжээсээр нарийн тодорхойлж, түүврийн тархаалт болон мэдээлэл цуглуулагчдийн ажлын чанарт хяналт тавин ажилласан бөгөөд уг судалгааны мэдээллийг Газар зүйн мэдээллийн сантай холбон ашиглаах боломжийг бүрдүүлсэн.

Судалгааны 2 дахь шат нь чанарын судалгаа буюу Фокус Бүлгийн Ярилцлагын арга /FGD/-аар мэдээллийг цуглуулах байсан. Энэ судалгааны хүрээнд тоон судалгааны урьдчилсан үр дүнд тулгуурлан гүнзгийрүүлэн судлах шаардлагатай дараах 4 сэдвийн хүрээнд нийт 18 ярилцлагыг нэг сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа.

·         Иргэд хоорондын уялдаа холбоо ба хамтын ажиллагаа;

·         Иргэдийн ажил эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагаа;

·         Боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж;

·         Гэр хорооллын дахин төлөвлөлт.

Судалгааны үр дүнд дээрх 4 сэдвийн хүрээнд иргэдэд тулгамдаж байгаа олон асуудлыг тодорхойлж, тэдгээрийн учир шалтгаан, шийдэл зэргийг нарийвчлан тодорхойлж чадсан юм.

Монгол Улсын иргэдийн амьдралын нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн асуудлуудыг бодит судалгаа мэдээллээр баталгаажуулан, тодорхойлж төр захиргааны байгууллагуудтай хамтран шийдэж, хүн амын хөгжил, аюулгүй байдалд анхаарал тавьж,  дорвитой хувь нэмрийг оруулсаар ирсэн захиалагч байгууллага болох Дэлхийн банкны төслийн багтаа MMCG компанийн зүгээс гүн талархал илэрхийлье. Мөн бидний судалгаа шинжилгээний арга аргачлалыг шинэ түвшинд гаргаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд зөвлөгөө өгч ажилласан Дэлхийн банкны зөвлөхүүддээ талархал илэрхийлье.

Монгол Улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, нийгэмд тэгш эрхтэйгээр хөдөлмөрлөж, улсынхаа хөгжил цэцэглэлтэнд хүн бүр хувь нэмрээ оруулаасай гэж судлаач бидний зүгээс хүсч байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ