Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцдэг. Гэтэл ийм бага газар дээр нийт хүн амын 48 хувь нь амьдарч, хүн амын хэт төвлөрөл үүссэнээс нийгэм эдийн засаг, хот төлөвлөлт, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд олон сөрөг үр дагавар бий болгож байна.
Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь ч энэ хэт төвлөрлөөс хамааралтай. Өнгөрсөн жилүүдэд нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн маш их байсан ба сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлийн хүн амын тоо 310 мянгаар нэмэгдсэн байна. Энэ байдлаараа 2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.5 сая болж, Монгол Улсын нийт хүн амын 56 хувь нь нийслэл хотод төвлөрч, нэг га талбайд ногдох хүний нягтаршлаар одоо дэлхийд тэргүүлж буй Япон улсын Токио-Ёкохамагийн бүс, 13 дугаарт орж буй БНХАУ-ын Бээжин хотын түвшинд хүрэх төлөвтэй байна. Тиймээс одоогоос дагуул хот, хаяа тосгодыг хөгжүүлж төвлөрлийг задлах шаардлага зайлшгүй урган гарч байна.
Зарим судлаачид төвлөрөл эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй гэж үздэг ч манай нөхцөлд энэ нь хөрс, агаар, усны бохирдол зэрэг маш олон сөрөг үр дагавартай байгаа юм. Олон улсын жишгийг харахад ч гэсэн дагуул хотыг хөгжүүлж, хэт төвлөрлийг задалсан байдаг. Тухайлбал, 1975 онд Сөүл хот 6.9 сая хүнтэй болж, орон сууцны хомсдол, түгжрэл, бохирдол, нийтийн үйлчилгээний ачаалал бий болж эхэлсэн ба төвлөрлийг сааруулах зохицуулалтыг 1970 оноос хойш хийж эхэлсэн. Тухайлбал, шилжилт хөдөлгөөнийг хориглох, Сөүл хотын оршин суугчдад оршин суух татвар ногдуулах хуулийг баталж, үйлдвэр барихад торгуулийн татвар ногдуулах, их сургуульд хамрагдахаар Сөүл хот уруу шилжин суурьшихыг хориглох, сургалтын төлбөрийг ялгаатай тогтоох, бусад бүс нутгийн их сургуулиудын ялгааг бууруулах зорилгоор үндэсний их сургуулиудын хооронд багш солилцооны хөтөлбөрийг бий болгох, гэр бүлээрээ нүүх, төрийн албан хаагчдыг орон нутаг уруу шилжин ажиллахыг дэмжсэн бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд Сөүл хотод төвлөрөх хандлага эрс буурч, 1990-ээд онд шилжих хөдөлгөөн бараг зогссон. Нөгөө талдаа Инчон зэрэг дагуул хотуудад татварын таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжин хөгжүүлж эхэлсэн байдаг.
Судалгаанаас харахад шилжилт хөдөлгөөн хийж буй үндсэн шалтгаан нь ажлын байр, орлоготой холбоотой байна. Мөн боловсрол эзэмших зорилгоор Улаанбаатар хотыг зорих хөдөлгөөн их байгаа юм. Тэгэхээр орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд томоохон ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм. Мөн ирэх жилүүдэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд руу хүн амын шилжин суурьших хөдөлгөөн их байх төлөвтэй гарсан. Иймд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, хүн амын хэт төвлөрлийг бууруулж, олон төвт хотын загварт шилжих, дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлж салбар хоорондын уялдаа холбоог зөв оновчтой зохион байгуулж цогц арга хэмжээгээр шийдвэрлэх нь чухал юм. Иймд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулахад судалгааны зорилго чиглэгдсэн.
Төслийн зорилгын хүрээнд 3 үе шат бүхий судалгааны ажлыг зохион байгуулж, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад (i) орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах замаар орон нутагт таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх; (ii) Улаанбаатар хотод дагуул хот, тосгод дэд төвийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг задлах гэсэн 2 үндсэн чиглэлийг баримталж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулсан.
Орон нутгийн хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах замаар орон нутагт таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд дараах 3 зорилго бүхий 14 зорилт 90 арга хэмжээний саналыг боловсруулсан. Үүнд:
1. Орон нутаг, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангахтай холбоотой томоохон суурь асуудлыг шийдвэрлэх;
2. Орон нутгийн эдийн засгийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой гол ажлууд;
3. Орон нутагт таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой гол ажлууд;
Улаанбаатар хотод дагуул хот, тосгод, дэд төвийг хөгжүүлэх замаар хотын хүн амын хэт төвлөрлийг задлах хүрээнд дараах 3 зорилго бүхий 10 зорилт 50 арга хэмжээний саналыг боловсруулсан. Үүнд:
1. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахтай холбоотой томоохон суурь асуудлыг шийдвэрлэх;
2. Улаанбаатар хот, дагуул хот тосгод, дэд төвийн бүсүүдэд ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх;
3. Дагуул хот, дэд төвийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх;
Төвлөрөл нь олон хүчин зүйлээс хамаарч байгаа тул холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн засаг дарга, Засаг даргын тамгын газар (ЗДТГ)-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачидтай 30 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, 300 гаруй мэргэжилтний саналыг авсан. Эдгээр уулзалтын үр дүнд хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах 6 зорилго, 24 зорилт, 140 арга хэмжээний саналыг боловсруулсан. Улмаар Улаанбаатар хот болон 21 аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл, МҮХАҮТ-ын дарга, 21 аймгийн салбар танхимын дарга, тэргүүлэгч гишүүдийг оролцуулсан 6 удаагийн онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулж, сайжруулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн Улаанбаатар хот, 21 аймгийн 3,000 иргэн, 300 аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнаар үнэлгээ хийлгэж, эдгээр арга хэмжээнээс хамгийн үр дүнтэй арга хэмжээг тодорхойлсон.