Аливаа бизнесийн байгууллага нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохдоо тухайн зорилтот зах зээлээ нарийн судлаагүйгээс шалтгаалан маркетингийн хүчин чармайлтыг буруу чиглүүлэх, үргүй зардал гаргаж улмаар алдагдал хүлээх явдал цөөнгүй тохиолддог. Иймд зах зээлд шинээр санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв зах зээлд, оновчтой байршуулж, амжилт олж буй байгууллагуудын нууц нь бизнестээ product CO-CREATION MODEL-ийг ашигладагт байна.
Энэ удаад манай байгууллага Улаанбаатар хотын зөвхөн өндөр орлоготой эмэгтэйчүүдийн дунд санхүүгийн ямар эрэлт хэрэгцээ байдаг, уг хэрэгцээнд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зорилготой судалгааг хийж гүйцэтгэлээ.
Уг судалгааны санал асуулгыг бид өндөр орлоготой 300 эмэгтэйн дунд зохион байгуулсан бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, үйлчлүүлдэг голлох үйлчилгээний газрууд болон шинэ бүтээгдэхүүний суурь үнэлгээг тодруулсан юм.
Мөн тоон судалгаанаас гадна жижиг, дунд бизнес эрхэлдэг, хувийн багууллагад удирдах албан тушаал хашдаг, дуучин, жүжигчин, загвар өмсөгч, хөтлөгч зэрэг олны танил эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулсан нийт 30 эмэгтэйтэй ганцаарчилсан ярилцлага хийж, тухайн сегментүүдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг илүү гүнзгийрүүлэн судалсан. Мөн үүнээс гадна зорилтот сегмент тус бүрт шинэ бүтээгдэхүүний нарийвчилсан үнэлгээг хийж, тухайн бүтээгдэхүүний давуу сул талуудыг илрүүлснээс гадна, шинэ бүтээгдэхүүн зорилтот сегмент бүртээ хүрч чадах эсэх, амжилт олоход ямар хүчин зүйл нөлөөлөхийг тодруулсан юм.
ТУРШИЛТ ХИЙГЭЭГҮЙ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЭХ НЬ НҮДЭЭ БООГООД ХУРДНЫ ЗАМ ГАРАХТАЙ АДИЛ…