Skip links

Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хөдөлгөгч хүч байж ирсэн гэж судлаачид дүгнэж байна.

Share This Post

Судалгаа зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи компани Эрдэнэт үйлдвэртэй хамтран “Монгол Улсын нийгэм, эдийн засагт Эрдэнэт үйлдвэрийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэн, судалгааны үр дүнг танилцууллаа. Нэг талаас уул уурхайг эсэргүүцэх олон нийтийн хандлага, нөгөө талаас Эрдэнэт үйлдвэрийн талаарх олон нийтийн дундах янз бүрийн ойлголт мэдээлэл байдаг.  Иймд Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлсэн түүхэн хувь нэмэр, үр нөлөө болон өнөөдрийн нөхцөл байдал, цаашид үзүүлэх үр нөлөө, хувь нэмрийг бодит тоо мэдээлэлд үндэслэн олон арга зүйн үндэслэлтэй тодорхойлж олон нийтэд бодитой мэдээлэл өгөх зорилгоор энэхүү судалгааг санаачлан хийсэн.

Олон улсад үндэсний томоохон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нь улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд гол үүргийг гүйцэтгэж ирсэн байдаг.  Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын болон тогтвортой хөгжлийн тайлангаа гаргаж улс орны хөгжилд, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оруулж буй хувь нэмрээ дүгнэж, олон нийтэд тайлагнадаг сайн жишиг тогтоод байна.

Энэхүү судалгаа нь олон улсад эдийн засгийн судалгаа шинжилгээ, төлөвлөлтөд өргөн ашигладаг Input-Output analysis буюу орц гарцын шинжилгээний аргаар тухайн нэг компанийн эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, түүний дотор Эрдэнэт үйлдвэрийн нийт эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, цалин орлогод бүхэлдээ ямар нөлөө үзүүлж байгааг тооцсон анхны тохиолдол болж байгаагаар онцлог юм.

Судалгааны гол үр дүнгээс дурдвал:

Эдийн засаг, нийгмийн хүндхэн үед Эрдэнэт үйлдвэр үүргээ маш сайн гүйцэтгэжээ. Шилжилтийн хүндхэн үед Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын ДНБ, улсын төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлж, хүндрэлийг давах “амь тариа” болж байжээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ДНБ-ий 5 хувь, төсвийн орлогын 10 хувийг бүрдүүлж, Монгол Улсын айл өрх бүрийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төлж, хямралыг давахад тусалсан “аврагч” болж байжээ. Улсын төсөвт 2023 онд оруулсан орлогыг Монгол Улсын иргэн бүрд хуваавал 577 мянган төгрөг ногдож байна.

Эрдэнэт үйлдвэрийн үржүүлэгчийн нөлөө буюу нийт эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, цалин орлогод үзүүлэх нийт нөлөө өндөр байна. Эрдэнэт үйлдвэр 6,900 ажиллагчидтай хэдий ч нийт эдийн засагт үзүүлж буй нөлөөгөөрөө нийт 22 мянган ажлын байрыг бий болгожээ. Эрдэнэт үйлдвэрийн шууд бус болон өдөөгдсөн нөлөөгөөр ханган нийлүүлэгчид, орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд 3.8 их наяд төгрөгийн нэмэгдэл өртөг, 942.1 тэрбум төгрөгийн цалингийн орлогыг бий болгожээ.

Айл өрхийн амьжиргаанд мэдрэгдэхүйц хувь нэмрийг үзүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын төлсөн НДШ-ээр 11 мянган ахмад настны тэтгэврийг сар бүр олгож байна. Цар тахлын үед Монгол Улсын 980 мянган өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг бүрэн хариуцаж байсан.

Эрдэнэт үйлдвэр гадаад валютын нөөцийн “үүсгүүр”-ийн үүрэг гүйцэтгэж байна. Эрдэнэт үйлдвэр 2023 онд 1.1 тэрбум ам.долларыг Монгол банканд борлуулсан нь 2023 оны дундаж гадаад валютын улсын нөөцийн 28.3%-ийг эзэлж байна. 2019 онд ам.долларын ханш 2,664 төгрөг байсан ба хэрэв Эрдэнэт үйлдвэр байгаагүй бол 3,634.3 төгрөгт хүрэх байжээ.

Ийнхүү дурдаад байвал олон сонирхолтой үр дүнг судалгаанаас харж болохоор байна. Энэхүү судалгаа Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд үнэтэй мэдээлэл

болох бөгөөд уул уурхай салбарын төдийгүй үндэсний томоохон бусад компаниуд энэ аргачлалаар эдийн засаг, нийгэмд үзүүлж буй үр нөлөөгөө тодорхойлж, олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж судлаачид үзэж байна.

 

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ