УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхойлсон 9 зорилгын нэгдүгээрт Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бий болгох зорилгыг дэвшүүлсэн. Энэхүү зорилгын хүрээнд Үндэсний бахархал, эв нэгдэл; Нүүдлийн соёл иргэншилт Монгол; Монгол хэл бичиг; Эрдэм судлал – нийгмийн соён гэгээрэл; Дэлхийн Монгол гэсэн 5 зорилтыг тавьсан.
Аливаа бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад суурь нөхцөл байдлыг тодорхойлж, түүнд тулгуурлан зорилго, зорилтыг тодорхойлох нь чухал. Иймд Үндэсний нэгдмэл үнэт зүйл бүхий Монгол хүнийг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний соёлоороо бахархах үзэл тогтсон эсэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлд нэгдэж чадаж буй эсэх талаарх олон нийтийн санаа бодлын судалгааг хийж, суурь нөхцөл байдлыг тодорхойлж, түүнд тулгуурлан шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, цаашид зорилтын хэрэгжилтийг тодорхой хэмжигдэхүйц, харьцуулагдахуйц шалгуур үзүүлэлтүүдээр тогтмол үнэлж, дүгнэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн индексийн аргазүйг тодорхойлж, олон нийтийн санаа бодлын судалгаа хийх” зөвлөх үйлчилгээг “Эм Эм Си Жи” үндэсний судалгааны компани хийж гүйцэтгэлээ.
Зорилго:
Үндэсний нэгдмэл үнэт зүйл бүхий Монгол хүнийг төлөвшүүлэх зорилтын хүрээнд ард иргэдийн дунд Үндэсний соёлоороо бахархах үзэл тогтсон эсэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлд нэгдэж чадаж буй эсэхийг харуулах үзүүлэлт, дэд үзүүлэлт, тэдгээрийн арга зүйг тодорхойлж, шаардлагатай судалгааг хийж, үнэлэлт дүгнэлт хийх, санал зөвлөмж боловсруулахад энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго чиглэгдсэн.