Монголын Маркетингийн Судалгааны Ассоциаци (ММСА)-ийн төлөөлөл Австрали, Шинэ Зеланд улсуудад аялж, Австралийн Сидней хотноо болсон Австралийн Маркетингийн болон Нийгмийн Судалгааны Нийгэмлэг (AMSRS)-ийн 60 жилийн ойн арга хэмжээнд зориулсан хурал болон Шинэ Зеландын Ауклэнд хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын судалгааны хороо (APRC)-ны 7 дахь удаагийн хурал, зөвлөгөөнд 2015 оны 9 дүгээр сарын 1-10 өдрийн хооронд амжилттай оролцоод ирлээ.
Австралийн Маркетингийн болон Нийгмийн Судалгааны Нийгэмлэг нь 1955 онд байгуулагдсан, 4500 гаруй судлаачид, зөвлөхүүдийг эгнээндээ багтаасан мэргэжлийн холбоо юм. AMSRS нь Ази, Номхон далайн орнуудын судалгааны хорооны нэг гишүүний хувьд бусад улс орны үндэсний мэргэжлийн холбоодын төлөөллийг энэхүү ойн арга хэмжээнд урьсан юм. Энэхүү харьцангуй урт хугацааны түүхтэй байгууллагаас суралцах, асууж мэдэж сурч авах бидэнд их байлаа.
Мөн Австрали улсад байх хугацаандаа манай холбооны олон улсын түвшинд 4 дүгээрт ордог GfK компанийн Австрали, Шинэ Зеланд улсуудыг хариуцсан компаниар зочилж, үйл ажиллагаатай танилцах, харилцан санал сэтгэгдэлээ солилцох боломжийг олгосон.
Үүний дараа манай төлөөлөгчид 2015 оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Шинэ Зеланд улсын Ауклэнд хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын судалгааны хорооны 7 дахь удаагийн хуралд оролцлоо. Жил бүрийн энэхүү хуралдааны судалгааны шинэ арга зүйн талаар танилцуулах сургалт семинар, хорооны удирдах зөвлөл буюу үндэсний мэргэжлийн судалгааны холбооны төлөөллийн дээд хэмжээний уулзалт, судалгааны ололт амжилтын илтгэл танилцуулгуудыг танилцуулдаг хурал гэсэн гурван төрлийн албан ёсны арга хэмжээг зохион байгуулдаг.
Монголын Маркетингийн Судалгааны Ассоциацийн хувьд хорооны удирдах зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад Монгол улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, маркетингийн судалгааны өнөөгийн төлөв байдлын талаар танилцуулга илтгэл тавьж, 2017 оны APRC-Ийн хурлыг Монгол Улсад зохион байгуулах эрхэд өрсөлдөн яллаа. Ингэснээр Ази, Номхон далайн бүс нутгийн маркетингийн судалгаа зөвлөх үйлчилгээний нэр хүндтэй, шилдэг компаниудын төлөөлөл, илтгэгч нарын сургалт семинарт оролцож, илтгэл танилцуулгыг нь сонсож, харилцан санал солилцох боломж нээгдэж байгаа юм.
APRC-ийн дараа жилийн уулзалт 2016 оны 11 дүгээр сард Япон улсын Токио хотноо зохион байгуулагдах болно. ММСА-ийн зүгээс маркетингийн судалгааг Монгол Улсад хөгжүүлэхээр зорин ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгж, судлаачдыг холбоонд гишүүнээр элсэн орж хамтран ажиллахыг урьж байна.