Монголын Мянганы Сорилтын Сан (ММСС) болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (MCК) нь төрөл бүрийн түвшний иргэд, бүлэг хүмүүстэй уулзаж, усны салбарын үйлчилгээ, төлбөр тооцооны талаар ярилцаж, төлбөр төлөх чадварын талаарх судалгааны зан төлөвийн мэдээллийг бүрдүүлэх хэрэгцээтэй болсон. Ингэснээр усны нөөц ашигласны төлбөртэй холбоотой мэдлэг, хандлага, итгэл үнэмшил, мэдээлэлд нөлөөлөх хүчин зүйлстэй холбоотой салбарын хэтийн төлөвийг ойлгож, усны үнэ өртгийг ойлгодог, түүнийг төлөхөд бэлэн байгаа хүмүүсийн эзлэх хувийг нэмэгдүүлснээр усны хэрэглээний тогтвортой байдлыг сайжруулах юм.
Усан хангамжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг сайжруулахын тулд усны хэрэглээ, төлбөр тооцооны талаар судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус судалгааны хүрээнд манай компани нь гэр хороолол болон орон сууцны хорооллын иргэдийг тодорхой шалгуурын дагуу сонгон ФБЯ-д урьж оролцуулсан билээ.
ФБЯ -ыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Нэгдүгээр шатанд орон сууц болон гэр хорооллын иргэдийг бүгдийг хамруулсан бөгөөд оролцогчдоо нас, хүйс, орлогын түвшин, амьдарч буй дүүргээр ангилан нийт 10 ФБЯ -ыг зохион байгуулсан. Тус шатанд иргэдийн усны хэрэглээ, усны төлбөр тооцоо, үйлчилгээтэй холбоотой ерөнхий асуудлын талаар хэлэлцсэн юм. Хоёрдугаар шатанд зөвхөн орон сууц хорооллын 10 ФБЯ -ыг зохион байгуулсан. Энэ үе шатанд хэрэглэгчдийг сүүлийн 6 сард усны төлбөрөө тасралтгүй хугацаанд нь төлсөн болон ямар нэгэн байдлаар хугацаандаа төлж чадаагүй, амьдарч буй орон сууцаа түрээсэлдэг болон өмчилдөг гэж ангилсан бөгөөд мөн нас, хүйс, орлого, дүүргээр давхар шалгуур тавин бүлэглэсэн билээ. Хоёрдугаар шатны ФБЯ -аар хэлэлцсэн асуудал нь усны төлбөр төлөхтэй холбоотой үүсдэг асуудал, төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа шалтгаан, төлбөрөө тогтмол хугацаанд нь төлдөг шалтгаан, өөр бусад усны үйлчилгээтэй холбоотой санал гомдлын талаар ярилцсан юм.