Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны захиалгаар “Шинэ мэдлэг, оюуны өмч дээр тулгуурласан инновацын хөгжлийн стратегийг боловсруулахад чиглэгдсэн цогц судалгаа ба хөгжүүлэлтийн бодлогын зөвлөмжийг боловсруулах” зөвлөх үйлчилгээг судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК 2019 оны 06-12 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд үндэсний инновацын тогтолцоотой холбоотой институтийн болон хууль эрхзүйн орчны шинжилгээ болон Монгол Улсын үндэсний инновацын тогтолцооны системийн шинжилгээг хийснээс гадна оролцогч талуудын ашиг сонирхол, харилцан хамаарал, эрэлт хэрэгцээ, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлсон. Үндэсний инновацын тогтолцоог үр дүнтэй, тогтвортой, уялдаа холбоотой бодитоор хэрэгжүүлсэн өндөр хөгжилтэй болон хөгжлийн түвшин ижил бусад улс орны сайн туршлагыг судалж харьцуулалт хийсэн ба үндэсний өрсөлдөх чадвар, онцлогт тулгуурласан шинэ мэдлэг, шинэ судалгааны чиглэлийг тодорхойлсон нь энэхүү судалгааны ажлын онцлог байв.
Инновацын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг бизнесийн 10 салбарын 300 байгууллага дээр инновацын 5 төрлийн 32 үйл ажиллагааны хүрээнд авч үзэхэд хэрэгжилтийн түвшин 48%-тай байгаа нь хангалтгүй байгааг харуулж байгаа ба Монгол улсад инновацыг хөгжүүлэхэд венч сан чухал үүрэгтэй болохыг шинжээчид тэмдэглэж байсан.
Инновацын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлье гэвэл шинжлэх ухаан, технологийн уламжлалт бодлогоос хол давсан хараатай байж, инновацын уур амьсгалыг бүхэлд нь авч үзэх ёстой бөгөөд төрийн олон салбар агентлагуудыг хамруулах шаардлагатайг судалгаанд дурджээ.