Манай компани Монгол Улсад Лабораторийн тусламж үйлчилгээний зах зээлийн багтаамжийн судалгааг анх удаа хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаа нь эрүүл мэндийн салбарт энэ чиглэлээр хийж буй анхны томоохон судалгаа болсон.
Давхардсан тоогоор 2015 онд нийт 5.6 сая хүн лабораторийн шинжилгээнд (дүрс оношлогоо үл хамаарна) хамрагдсаны 85 хувийг улсын эмнэлэг хийж гүйцэтгэсэн байна. Оношлогоо шинжилгээний үнэ тарифыг төрөөс тодорхой түвшинд барьж байгаа нь эргээд тухайн салбар хөгжих, шинэ техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлэхэд санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй болох, төрөөс татаас, дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлж байна.
Сүүлийн таван жилийн тоон мэдээнээс харахад эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний 20 орчим хувийг оношлогоо, шинжилгээний үйлчилгээ бүрдүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2015 онд давхардсан тоогоор 5,042.6 мянган иргэн үйлчилгээ авсны 19 хувь нь буюу 939.1 мянган иргэн оношлогоо шинжилгээний үйлчилгээ авчээ. Харин ЭМДСангийн нийт зардлын 9 гаруй хувийг оношлогоо шинжилгээний үйлчилгээний зардал эзэлж байна.
Эх үүсвэр: Нийгмийн даатгалын ерөнхий газрын тайлан, 2016 он.