Бизнесийн байгууллагууд ялангуяа үйлчилгээний байгууллагууд хэрэглэгчиддээ хүрч ажиллах бүхий л суваг, арга замыг хайн эрэлхийлж байдаг. Зорилтот хэрэглэгчид ихэвлэн хаана байна, тэдэнд ямар сувгаар хүрэх боломжтой байна, хэрэглэгчидтэйгээ байнга хамт байхын тулд тэднийг ямар байдлаар идэвхижүүлэх хэрэгтэй гэдгийг хар ухаанаар шийдэхэд хүндрэлтэй асуудал юм. Тиймээс хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маягийг судлах зайлшгүй шаардлагатай байдаг.
Энэ асуудлын хүрээнд манай компани Улаанбаатар хотын хэрэглэгчдийг орлогын бүлгүүдэд хувааж, тэдний амьдрах хэв маягийг тодорхойлох сонирхолтой судалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн юм. Уг судалгааг бид фокус бүлгийн ярилцлага (FGD) болон өдрийн тэмдэглэл хөтлүүлэх аргуудыг хослуулан хийсэн.
Нийслэл хотын иргэд орлогын ялгаатай түвшинд өдрийн аль цагт ихэвчлэн хаана байдаг, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байдаг болон сэтгэл зүйн хувьд ямар түвшинд байдаг, ямар тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг зэргийг цогц байдлаар тодорхойлж, маш сонирхолтой үр дүнг захиалагч талд танилцуулсан юм. Судалгаанд зөвхөн эдгээр үр дүнг харуулаад зогсохгүй, тэдний худалдан авалтын зан төлөв, хэрэглээ, үйлчлүүлдэг худалдааны байгууллагууд болон сошиал мэдээллийн хэрэгслүүдийн хэрэглээ, хэв маяг, хандлагуудыг тодруулсан.
Уг судалгааны бусад судалгаанаас ялгарах давуу тал нь зөвхөн худалдан авалтын зан төлөв, эсвэл сэтгэл ханамж, хандлага гэх мэт нэг л чиглэлээр харах бус хэрэглэгчдийг бүх талаас нь цогц байдлаар ялгаатай сегментүүдэд хуваан судалж чадсан явдал юм.
Мэргэжлийн түвшинд боловсруулсан судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэснээр шинэ хэрэглэгчид олж авах хийгээд өөрийн үйлчлүүлэгчидээ хадгалж үлдэх оновчтой арга хэмжээнүүдийг үйл ажиллагаа, маркетинг, идэвхжүүлэлтийн төлөвлөгөөндөө тусгах боломжтой болж байгаа юм.
Судалгаа шинжилгээг үйл ажиллагаандаа тусгаж, амжилттай ажиллаж байгаа харилцагч байгуулагууддаа ажлын өндөр амжилт хүсье.