Манай компани Нийслэлийн Орон Сууцны Корпораци (НОСК)-ийн захиалгаар нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааны зорилго нь орон сууцны нийлүүлэлт болон зах зээлийн бодит эрэлтийг тооцсны үндсэн дээр зах зээлийн тэнцвэрийг тодорхойлох, НОСК-ийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, барилгын салбарт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын зөвлөмж гаргахад шаардлагатай мэдээллээр хангахад чиглэсэн юм.
Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааны хүрээнд дараах 5 төрлийн судалгааг хийж гүйцэтгэсэн:
• Орон сууцны зах зээлийн эрэлтийн судалгаа /Нийслэлийн 9 дүүргийн 2711 өрх/
• Орон сууцны зах зээлийн нийлүүлэлтийн судалгаа /2013-2016 онд Нийслэлд хэрэгжихээр зөвшөөрөл авсан, хэрэгжиж буй 410 орон сууцны барилгын төсөл/
• Орон сууцны одоогийн фондын судалгаа
• Түрээсийн орон сууцны зах зээлийн судалгаа
• Нийслэлийн орон сууцны зах зээлийн тандалтын судалгаа
Уг ажлын хүрээнд орон сууцны зах зээлийн эрэлт болон нийлүүлэлтийн судалгааны үр дүнд үндэслэн 2016-2018 оны орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг тооцож гаргасан. Мөн НОСК-ийн иргэдэд санал болгож буй бүтээгдэхүүнийг үнэлэхийн тулд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан. Бүтээгдэхүүнүүдийн концептыг 2711 өрхөөр үнэлүүлэхээс гадна НОСК-ийн зорилтот бүлгийн иргэдийн төлөөллийг оролцуулсан 5 удаагийн бүлгийн ярилцлага зохион байгуулсан.
Цаашид орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааны ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд 2 жил тутамд хийж гүйцэтгэх шаардлагатай болох нь 2014 онд хийгдсэн судалгааны үр дүнтэй харьцуулахад нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн байгаагаас харагдаж байна.