Skip links

Сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээний судалгааг Дэлхийн банкны захиалгаар гүйцэтгэлээ.

Share This Post

Дэлхийн Банк сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт явуулж ирсэн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг дэмжин нийт 46.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэн хамтран ажиллаж ирсэн. Дэлхийн Банк, Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сангийн 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2012 оноос эхлэн “Сургуулийн өмнөх боловсрол” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл нь малчдын болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг СӨБ-д хамруулж нийгмийн тэгш бус байдлыг арилгах гол зорилготой юм. Малчин өрхийн хүүхдүүдийг СӨБ-д хамруулахын тулд хөдөөгийн сумдыг сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж, тоглоомоор иж бүрэн тоноглогдсон нүүдлийн гэр-цэцэрлэгээр хангах, хотын дүүргүүдэд шинээр цэцэрлэгүүд барих ажлуудыг хэрэгжүүлж байна. Дэлхийн банкны зүгээс хүүхдийн цэцэрлэгийн орчныг сайжруулах, шинээр цэцэрлэг байгуулах зэрэг үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж ирсний зэрэгцээ сургалтын чанар, үр дүнг сайжруулах чиглэлд мөн анхаарал хандуулж байна. Дэлхийн банк хэрэгжүүлж буй сургуулийн өмнөх боловсролын чанарын түвшинг тодорхойлж, үндэсний хэмжээний суурь мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд хийгдсэн “Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын чанарын түвшинг тодорхойлох” судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг манай компани 2015 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд гүйцэтгэлээ. Судалгаанд Хүүхдийг ивээх сангаас боловсруулсан, олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа “International Development and Early Learning Assessment” болон “Early Childhood Environment Rating Scales” аргачлалыг Монгол Улсын нөхцөлд тохируулан боловсруулж, сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролыг үнэлгээг шууд үнэлгээний аргыг ашиглалаа. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Судалгааны эхний үе шатны мэдээлэл цуглуулалт 2015 оны 6-7 сард үргэлжилсэн бөгөөд Хэнтий, Дорноговь, Дархан-Уул, Төв, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг 7 аймгийн 41 сумын 100 нүүдлийн буюу гэр цэцэрлэгээр зочилж судалгааг авсан. Судалгааны хоёрдугаар шатанд түүвэрт сонгогдсон Улаанбаатар хотын 7 дүүрэг, Хэнтий, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг 8 аймгийн 28 сумын төрийн өмчийн болон хувийн 128 цэцэрлэгийг хамруулсан. Судалгаанд сургуулийн өмнөх насны буюу 5 настай нийт 2929 хүүхэд хамрагдсан. Сургуулийн өмнөх боловсролын чанарыг үнэлэхдээ 5 настай хүүхдүүдтэй бэлтгэгдсэн судлаач нар тэдний насанд тохирсон хөгжилтэй дасгал ажиллуулж үнэлгээг хийсэн. Мөн судалгаанд хамрагдсан бүх хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нар болон багш нараас ярилцлага авч, тэдний суралцаж байгаа орчны шинжилгээний үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгаа нь олон улсын арга зүйд суурилсан үндэсний онцлогт нийцсэн арга зүйгээр өргөн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээг Монгол Улсад хийсэн анхны судалгаа болсон гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй. Бидний ажилд туслалцаа үзүүлж хамтран ажилласан орон нутгийн цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүдэд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд маань эрүүл энх өсөн торниж, эрдэмтэй номтой иргэд болох болтугай.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ