Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг 2011 оноос эхлүүлсэн байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 411 дүгээр тогтоол 2024 онд батлагдсанаар УБ Метро төслийн ТЭЗҮ-ийг шинэчилж, хэрэгжүүлэх шийдвэр гарч улмаар олон улсын туршлагатай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээг авах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж БНСУ-ын тэргүүлэгч Dohwa Engineering Co.,Ltd болон Korea National Railway байгууллагуудын консорциум шалгарч 2024 оны 7 сарын 5-ны өдөр гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байдаг.
Бидний хувьд БНСУ-н Dohwa Engineering Co.,Ltd болон дотоодын хиймэл оюун ухаан, машин сургалтын чиглэлийн Rookie Systems ХХК-тай хамтран ORIGIN – DESTINATION & STATED PREFERENCE судалгааг гүйцэтгэлээ. Уг төслийн хүрээнд иргэдийн хөдөлгөөний эрэлтийг тодорхойлох зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний дагуу байрлах 14 цэгээс нийт 2800 иргэдээс ярилцлага хийсэн юм. Түүнчлэн STATED PREFERENCE судалгааны хүрээнд 4 ялгаатай хувилбарыг иргэдэд танилцуулан аль хувилбар нь илүү таалагдаж байгааг тодорхойлсон.
Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлах талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлж байна.