Манай компани УСУГ-ын “Хэрэглэгчдийн Сэтгэл Ханамжийн Судалгаа”-г 2014 оны 5-р сарын 4-наас 6-р сарын 17-ний өдрийн хооронд 5 дахь жилдээ амжилттай хийж гүйцэтгэлээ. Судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүргийг хамруулж айл өрхийн хэрэглэгчид, төвийн 6 дүүргийг хамруулж аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэгчдээс мэдээллийг цуглуулсан.
Судалгааны мэдээлэл цуглуулалтыг нүүр тулсан ярилцлагын (F2F) аргаар батлагдсан асуулгын дагуу явууллаа. Судалгааны мэдээлэлд үндэслэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн индекс (CSI)-ийг SERVQUAL загварын дагуу тооцож, хэрэглэгчдийн ханамжийн түвшинг цаг хугацааны хувьд буюу өмнөх 4 жилийн түвшинтэй, хэрэглэгчдийн ялгаатай бүлгээр буюу орон сууцны өрхийн, гэр хорооллын өрхийн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглэгчдийн, байршлаар буюу дүүргээр харьцуулалт, дүгнэлтийг хийлээ. Индекс нь харьцуулах боломжгүй тоо мэдээллийг, харьцуулагдахуйц хэлбэрт оруулж, цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийг харуулах тоон үзүүлэлт байдаг.
Усны гол үнэ цэнэ нь хүн усгүйгээр амьдарч чадахгүй, усыг ямар нэгэн химийн аргаар гаргаж авч болохгүйд байгаа юм. Тиймээс цэвэр усаа хайрлан хамгаалах, усаа хэмнэх нь чухал юм. Сүүлийн үед иргэд усаа илүү хайрлан хамгаалах, хэмнэх тал дээр анхаардаг болсон нь судалгааны үр дүнгээс харагдсан.
*УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ*