Skip links

Уул уурхайн салбарын хөдөлмөрийн зах зээлийн судалгааг амжилттай хэрэгжүүллээ

Share This Post

Манай байгууллага уул уурхайн компанийн захиалгаар салбарын хөдөлмөрийн зах зээлийн цогц судалгааг амжилттай гүйцэтгэж, үр дүнг захиалагч талд хүлээлгэн өглөө. Энэхүү судалгаа нь уул уурхайн салбарын хүний нөөцийн нийлүүлэлт, эрэлтийн уялдаа,  мэргэжлийн бүтэц болон бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нотолгоонд суурилан тодорхойлоход чиглэсэн болно.

Судалгааны хүрээнд уул уурхайн голлох мэргэжлүүдийг ISCED олон улсын ангиллын дагуу тодорхойлж, боловсролын салбарын статистик мэдээлэлд үндэслэн нийлүүлэлтийн шинжилгээ хийв. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Үндэсний Статистикийн Хороо болон их, дээд сургуулиудын албан ёсны тоон мэдээллийг ашигласан.

Элсэгчид, суралцагчид, төгсөгчдийн тоон мэдээллийг задлан шинжилж, салбарын мэргэжилтэн бэлтгэлийн чиг хандлага, урсгалыг тодорхойлов. Мөн уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль зэрэг томоохон их сургуулиудын төлөөлөлтэй ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, сургалтын агуулга, чанар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар чанарын мэдээлэл цуглуулсан.

Эрэлтийн талаас уул уурхайн салбарын томоохон ажил олгогчдын нээлттэй мэдээлэл, салбарын статистик өгөгдөлд тулгуурлан ажиллагчдын тоо, байршил, хүний нөөцийн бүтэц, ажиллах хүчний хэрэгцээнд дүн шинжилгээ хийв. Мөн уул уурхайн компаниудын удирдлага болон хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан ярилцлага зохион байгуулж, мэргэжлийн ур чадварын зөрүү, орон нутгийн ажиллах хүчний нөөц, компанийн хүний нөөцийн бодлогын чиг хандлагын талаар нарийвчилсан мэдээлэл авсан.

Судалгааны үр дүнд:

  • Уул уурхайн салбарын голлох мэргэжлүүдийн нийлүүлэлтийн хэмжээ, бүтэц
  • Зах зээл дээрх ажиллах хүчний бодит багтаамж
  • Орон нутгаас хүний нөөц бүрдүүлэх боломж, хязгаарлалт
  • Компаниудын хүний нөөцийн бүтэц, ирээдүйн хэрэгцээний чиг хандлага

зэрэг стратегийн ач холбогдолтой дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан захиалагч талд хүргүүллээ.

Энэхүү судалгаа нь уул уурхайн салбарын хүний нөөцийн бодлогыг илүү үр ашигтай төлөвлөх, боловсролын байгууллагуудтай уялдаа холбоог бэхжүүлэх, хэрэгцээнд суурилсан мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог сайжруулахад чиглэсэн шийдвэр гаргалтад ашиглагдах нотолгоонд суурилсан, практик ач холбогдолтой баримт бичиг боллоо.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ