Монгол Улсын Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс барилга, боловсруулах үйлдвэрлэл, цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамжийн салбаруудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судалж, үр дүнг бодлого боловсруулагчдад нийлүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа”-ны ажлыг анх удаа Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК нь манай байгууллагын захиалгаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа”-ны ажлын мэдээлэл цуглуулах, мэдээллийн санг бүрдүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчээр шалгаран судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн болно. Энэ хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
– Судалгаанд хамруулах 1387 аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 97.5% буюу 1352 ААНБ-аас судалгааг бүрэн авч чадсан.
– Судалгаанд хамрагдсан 1352 ААНБ-ын 6037 ажиллагчтай батлагдсан асуулгын дагуу нүүр тулсан ярилцлагыг хийсэн.
– Мэдээлэл цуглуулах ажлыг хийх явцад таблет дээр ярилцлагын аудио бичлэгийг хийж, ярилцлага бүрийг цуглуулсан мэдээлэлтэй тулган сонсож чанарын хяналтыг хийж ажилласан.
– Мэдээллийн санд шаардлагатай шалгалтуудыг хийж, судалгааны мэдээллийг манай байгууллагад шаардлагатай хэлбэрт шилжүүлэн, ярилцлагын аудо бичлэг, албан бичгийн хамт архивлан хүлээлгэж өгсөн.
Үндэсний хэмжээний томоохон судалгааны нэгт тооцогдох ажилд идэвхи санаачлагатай, тууштай ажилласан судлаачид болон судалгааны ач холбогдлыг ойлгон судалгаанд хамрагдсан 1352 ААНБ-ын удирдлага болон хамт олонд талархал илэрхийлье.