Люксембургийн Их Гүнт улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Зүрх судасны үндэсний төв (ЗСҮТ)-д төвлөрөн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан зүрх судасны тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд сайжруулах замаар зүрх судасны өвчний шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой МОН007 төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Эм Эм Си Жи ХХК нь Монгол Улсын хүн амын дунд зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлс, эрүүл амьдралын хэв маягийн талаарх мэдлэг, хандлага, дадлын суурь түвшин тодорхойлох судалгааг гүйцэтгэлээ. Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллав. Үүнд:
- Зүрх судасны өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, эрүүл амьдралын хэв маягийн талаарх хүн амын мэдлэг, хандлагыг тогтоох;
- Зүрх судасны өвчнөөс сэргийлэх дадлыг судлах;
- Төслийн хүрээнд хүн амд зүрх судасны өвчнөөс сэргийлэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд чиглэсэн нотолгоонд тулгуурласан мэдээллийг хүргэх эх сурвалж, мэдээллийн хэрэгцээг тодорхойлох.
Судалгааны мэдээлэл цуглуулалтыг Улаанбаатар хотын 9 дүүрэг, орон нутгийн 21 аймгийн хэмжээнд зохион байгуулсан ба 18-69 насны 2500 гаруй иргэнийг хамруулсан.
Зүрх судасны өвчний өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйлсэд тамхи татах, архи согтууруулах ундааны хэрэглээ, стресс, нойргүйдэл, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин таргалалт зэрэг хүчин зүйлсийг авч үзсэн ба судалгааны үр дүнгээс харахад 25-34 насны эмэгтэйчүүд зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс бага илэрсэн бол 35-44 насны эрчүүдийн дунд эрсдэлт хүчин зүйлс хамгийн түгээмэл байна.