Skip links

Ухуулгын дараа хийсэн судалгаа төсөөллийг өсгөдөг аюултай

Share This Post

Сонгуулийн ухуулга болон судалгааны зааг ялгаа, судалгааны ёс зүй, хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаар Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Судалгаа хийхэд судлаачаас яагаад ёс зүй шаарддаг вэ?

–Юуны өмнө судалгаа яагаад хэрэгтэй гэдгийг тайлбарлаад асуултад хариулъя. Бизнесийн байгууллагууд хэрэглэгчдэд ямар эрэлт хэрэгцээ байна, уг эрэлт хэрэгцээг одоо хэрхэн хангаж байна, хангагдаагүй эрэлт хэрэгцээ, шаардлага хэр зэрэг байна, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг, хэрхэн хэрэглэгчдэд хүргэх гэх мэт олон асуултын хариултыг бодитойгоор мэдэж, дүгнэлт хийж, бизнесийн шийдвэрээ гаргадаг. Харин төр засгийн байгууллагууд ард иргэд, хувийн хэвшлийнхэнд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замыг олон нийт хэрхэн харж буйд үндэслэн бодлого, шийдвэрээ гаргадаг. Тиймээс энэ бүхэнд судалгаа хэрэгтэй болж байгаа юм.

Хэрэглэгчид, иргэд, олон нийт гэдэг ойлголт нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд олон талын ялгаатай шинж чанар бүхий бүлгүүдээс бүрддэг. Тиймээс ч олон талт, өргөн хүрээг хамарсан төлөөлөх чадвартай судалгааг хийснээр үнэн бодиттой болж чадна. Энэ шаардлагыг хангаж чадахгүй бол нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт гарч, түүн дээр үндэслэсэн бодлого шийдвэр нь шүүмжлэл дагуулдаг.

Үүнээс гадна судлаач, тухайн байгууллага судалгааны үр дүнг үзэмжээрээ дүгнэж, өрөөсгөл дүгнэлт гаргаж болохгүй. Энэ бол судлаачаас яагаад ёс зүй шаарддаг вэ гэдэгт өгөх нэг хариулт.

Нөгөө талаар хэрэглэгчид, олон нийт, иргэдийн хувьд тухайн судалгааны зорилго ач холбогдол болон өөрийнх нь санаа бодол, мэдээлэл, хариулт яагаад чухал болохыг ойлгож, өгсөн хариулт мэдээллийг нь судалгааны дүгнэлтээс өөр зорилгоор ашиглахгүй, хувь хүний болон гэр бүлийнх нь мэдээллийн нууцлалыг хадгална, үүнд оролцсоноор өөрт нь ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөр судалгаанд идэвх санаачилгатай оролцож, үнэн бодитой хариулт өгдөг. Тиймээс судлаач:

-судалгааны зорилго ач холбогдлыг оролцогчид тайлбарлан өгч, сайн дурын үндсэн дээр оролцуулах;
-судалгааны үр дүн, судалгаанд оролцогчдын хувийн мэдээллийг судалгааны дүгнэлт гаргах зорилгоор л ашиглах
-судалгаанд оролцогчдын мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах зэрэг ёс зүйн зарчмыг дагаж мөрдөх ёстой.
Ёс зүйн зарчмуудыг дагаж мөрддөг мэргэжлийн судлаачдын хийсэн судалгаа, дүгнэлтийг бодитой гэж үзнэ. Судлаач ёс зүйн зарчмаа зөрчвөл судалгаанд нь олон нийт итгэхээ больж, оролцохоос татгалзана. Мэргэжлийн ёс зүйтэй, түүнийгээ дагаж мөрддөг хүнийг л мэргэжлийн гэж хэлдэг шүү дээ.

-Шинжлэх ухааны болон танайх шиг зах зээлийн эсвэл нийгмийн судалгаа ёс зүйн хувьд ямар ялгаатай вэ?

–Шинжлэх ухааны судалгаа тодорхой асуудлын мөн чанарыг тодорхойлж хариулт өгч, тухайн салбарын онолын мэдлэгт хувь нэмэр оруулах зорилготой байдаг. Байгалийн шинжлэх ухаан, инженерийн судалгаа, шинжилгээний хувьд хэмжилтийн арга техник, хэмжилт хийгдсэн орчин нөхцөл зэргээс шалтгаалж үр дүн өөр өөр гарах хэдий ч харьцангуй объектив хэмжилт, дүгнэлт хийгддэг. Агаарын хэм цельсийн +25 градус байсан, агаарын даралт тэд байсан гэдэг нь харьцангуй тодорхой.

Харин зах зээлийн болон олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгааны хувьд мэдээллийн эх үүсвэр буюу судалгаанд хамрагдаж байгаа объект маань хүн шүү дээ. Тэгэхээр хүнээс үнэн бодит хариулт авах, эргээд уг мэдээллээ олон талаас үнэлж дүгнэж, субъектив биш дүгнэлт гаргах шаардлагатай болно. Ингээд л ёс зүйн асуудал яригдаж байгаа шүү. Хэмжилтийн арга зүйн хувьд мөн шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн арга зүйг ашиглах шаардлагатай болно.

Жишээ нь, Улаанбаатар хотын иргэдээс “Та гудамжинд хогоо хаядаг уу” гэж асуувал бараг бүгд “Үгүй” гэж хариулна. Харин “Улаанбаатарын иргэд гудамжинд хогоо хаядаг уу” гэж асуувал илүү бодитой дүгнэлт гарч ирнэ.
Social bias буюу нийгмийн хэм хэмжээг дагаж мөрддөг гэж харагдах гэсэн бодол хүнд байдаг. Энэ мэтчилэн ёс зүйн хувьд ч, арга зүйн хувьдч тэр судалгаа бол мэргэжлийн ажил.

-Зарим судалгаа, судалгаа авч байгаа хүмүүс илт таагүй мэдрэмж төрүүлдэг л дээ. Гэсэн ч заавал хариулах ёстой мэт дарамтад орж хариулт өгөхөөс өөр аргагүй болдог. Уг нь энэ тохиолдолд татгалзаж болно биз дээ?

–Зах зээлийн болон олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгааны үйлчилгээний ISO 20252 олон улсын стандарт байдаг. Стандартад зааснаар судлаач судалгааг ямар байгууллагаас, хэн хийж байгааг болон судалгааны зорилго ач холбогдлыг танилцуулж, судалгаанд оролцогч сайн дурын үндсэн дээр оролцохыг зөвшөөрсөн тохиолдолд судалгааг эхлүүлэх ёстой. Тухайн хүн судалгаанд оролцохоос татгалзах, судалгааны зорилго ач холбогдол, зорилгыг лавлаж асуух бүрэн эрхтэй. Судалгааны олон улсын мэргэжлийн холбоо болох ESOMAR-ийн ёс зүйн кодод мөн ийм заалтууд байдаг.

Ёс зүйн асуудлаас гадна мэргэжлийн аргачлал энд хэрэгтэй болно. Sensitive questions буюу эмзэг, хүмүүс хариулахгүй, сөрөг сэтгэгдэл төрүүлэх асуултыг оруулах уу, оруулах бол хэрхэн томьёолж оруулах тухай мэргэжлийн арга, аргачлалууд бий.

Олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүйн дагуу судалгаанд оролцогч судалгааг хэн хийж байгаа, зорилго, ач холбогдол, өөрөөс нь авсан мэдээллийг юунд, хэрхэн ашиглах гэж буйг бүрэн ойлгож мэдэж авснаар судалгаанд оролцох уу, татгалзах уу гэдгээ шийдэх эрхтэй. Үүнийг ISO 20252 стандартын 4.1.2.3-д тодорхой зааж өгсөн байдаг.

-Танай байгууллага судалгааны ёс зүйн олон улсын стандарт мөрддөг. Ер нь судалгааны ёс зүйн асуудал хэзээнээс, яагаад чухал болж ирсэн юм бэ?

–Манай компанийн хувьд ISO 20252 стандартыг 2012 оноос хойш үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, 2019 онд олон улсын аудитын байгууллагаар аудит хийлгэж, гэрчилгээ авсан. Энэ нь манай байгууллагын хийсэн судалгааны үр дүн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын шаардлага хангасан гэдгийг илэрхийлж байгаа юм. Мөн ESOMAR байгууллагад 2013 онд гишүүнээр элсэж, мэргэжлийн ёс зүйн кодыг нь дагаж мөрдөх үүрэгтэй болсон. ISO 20252 стандартын хэрэгжилтийн байдалд жил бүр аудит хийлгэдэг. Үл нийцэл буюу стандартын заалт зөрчигдсөн нөхцөл гарвал гэрчилгээгээ хураалгана. Бид ёс зүйн кодоо зөрчвөл захиалагч, харилцагч, судалгаанд оролцогчид ESOMAR-ийн арбитрт гомдол гаргаж бидний гишүүнчлэлийг цуцлуулж болно.

Олон улсад бол маркетингийн болон олон нийтийн судалгааны ёс зүйн асуудал энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, бизнесийн үйлчилгээ бий болсон цагаас буюу 1930-аад оноос яригдаж ирсэн. ESOMAR 1934 онд Европт анх байгуулагдсан. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний холбоо гэдэг утгаар мэргэжлийн ёс зүйгээ баталж, мэргэжлийн нэр хүндийг хамгаалах үүрэгтэй байдаг.
Манай компани 2002 оноос хойш энэ салбарт ажиллаж байна. “Судалгаа гэж үнэн байдаг юм уу”, “Хаанаас, хэнээс аваад ийм үр дүн гаргаад байгаа юм бэ, надаас л лав аваагүй”, “Судалгаанд оюутнуудыг явуулдаг, нөгөөдүүл нь булан тойроод өөрөө бөглөөд ирдэг”, “Судалгаа гээд шууд тоо тавьчихдаг” гээд олон сөрөг сэтгэгдэлтэй тулгарч байлаа. Ийм нөхцөл байсныг ч үгүйсгэхгүй. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн судалгааны байгууллагын хувьд бид салбарын ёс зүй, стандартыг нэвтрүүлэх чиглэлээр 2008 оноос хойш тууштай ажиллаж ирсэн. Үр дүн нь гарч байна гэж үзэж байгаа. Цаашид улам илүү сурталчлан таниулах хэрэгтэй.

Мэргэжлийн байгууллага “Би чадна” багийнхнаас ёс зүй, мэргэжлийн арга зүй, туршлагаараа ялгарах ёстой.

-Ёс зүйгүй судалгаа эргээд тухайн судалгааны захиалагчийн нэр хүнд болон судалгааны үнэн бодит байдал, үр дүнд яаж нөлөөлдөг вэ?

–Хэрэв ямар нэг ёс зүйгүй үйлдэл гаргаж, ёс зүйн зөрчил гаргавал тухайн судлаачид, судалгаанд, судалгааны байгууллагад, судалгааны захиалагчид итгэх итгэл алга болно. Ингэснээр судалгаанд оролцогчид худал хариулт өгч, оролцохоос татгалзана. Мөн үр дүнд нь үл итгэх, үгүйсгэх байдал үүснэ. Энэ бол мэргэжлийн байгууллагын хувьд оршин тогтнох эсэхтэй холбоотой маш том аюул. Ийм үйлдэл нэг л гаргасан тохиолдолд тэр судалгааны байгууллага энэ салбараас арчигдана. Энэ бол манай салбарын бичигдээгүй хатуу хууль.

Захиалагчдын зүгээс судалгааны үр дүнг өөрсдөдөө таатайгаар гаргуулах гэсэн оролдлого байдаг. Тухайлбал, тухайн нэг нэр дэвшигч өөрийн рейтингийг “өндөр гаргаад өгөөч” гэж байсантай таарч байсан. Энэ тохиолдолд бид мэргэжлийн ёс зүйгээ дурдаад бодитоор нь л гаргаж өгдөг. Мэргэжлийн ёс зүй, стандарт маань биднийг хамгаалах хэрэгсэл болдог шүү. Нөгөө талаар, судалгааны үр дүнгээ засаж өөрсдийгөө хуураад яахав дээ. Эцэстээ эрсдэлтэй байдалд орно шүү дээ. Гэхдээ өөрсдөдөө таатай байдлаар гаргах гэсэн оролдлого харьцангуй багасаж байгаа.

-Монгол Улсад хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах хууль журам байхгүй байна л даа. Судалгаа хийж байгаа хүн хувийн мэдээллийг нь өөр зорилгоор ашиглахгүй гэсэн баталгаа байна уу. Хэрэглэгч үүнийг яаж мэдэх вэ?

–Судалгаанд оролцсон, ямар хариулт өгснөөс нь шалтгаалж тухайн хүнд ямар нэг гэм хор учрахгүй байх ёстой гэдэг ёс зүйн зарчим байдаг. “Таны өгсөн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, зөвхөн нэгдсэн дүгнэлт, дүн шинжилгээ зорилгоор ашиглана” гэсэн амлалтыг судлаач өгч судалгааг эхлүүлдэг. “Танаас судалгаа авч болох уу” гээд хэн нэгэн танд хандахад ямар байгууллагаас явж байгаа, судлаач судалгааны зорилго ач холбогдол, мэдээллийн нууцлал зэргийн талаар тайлбар өгч буй эсэхэд нухацтай хандах хэрэгтэй. Үнэхээрийн мэргэжлийн судалгааны байгууллагын судалгаа бол таны мэдээллийн нууцлалыг хадгална гэсэн баталгаатай юм.

-Сонгууль ойртоод нэр дэвшигч бүрт л тойргийнх нь сонгогчдын гар утасны дугаар, FB хаягаас эхлээд мэдээллүүд хэрэг болж байна. Үүнийг хуулийн дагуу ч юм уу, ёс зүйтэйгээр олж авах ямар боломж байгаа вэ?

-Бусад улс оронд, тухайлбал Европын холбоонд хувийн мэдээллийн тухай хууль байдаг. Сонгогчдын гар утасны дугаар, FB хаяг зэрэг нь хувийн мэдээлэлд хамаарна. Энэ төрлийн мэдээллийг тухайн хүний зөвшөөрснөөр авч, зөвхөн ямар зорилгоор ашиглана гэж тохирсон тэр дагуу л ашиглах ёстой. Үүнээс бусад аргаар олж авсан, ашигласан бол хууль зөрчсөн үйлдэл болно. Хүний хувийн мэдээлэл бол тухайн хүний өөрийнх нь өмч. Өмчөө захиран зарцуулах, бусдад ашиглуулах, түүнийгээ үнэлж төлбөр авах зэрэг нь өмчийн эзний эрх. Гол нь өөрөө зөвшөөрсөн байх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, хувийн мэдээллээ хэрхэн хуваалцах талаар олон нийтийн мэдээлэл хандлагыг сайжруулах хэрэгтэй байна. Тухайлбал, ямар нэг апп татаж авах эсвэл интернэт орчинд цахим хуудаст зочилж, бүртгүүлэхдээ үйлчилгээний нөхцөлтэй нь танилцаж, зөвшөөрөх товч дардаг. Гэвч үнэндээ ихэнх нь үйлчилгээний нөхцлийг уншдаггүй. Хэрэв уншвал танаас авсан мэдээллийг ямар зорилгоор ашиглах, эсрэг тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ гэдэг мэдэгдэл бий. Энэ бол олон улсын стандартын дагуу ёс зүйтэй байгаагийн нэг хэлбэр юм. Тиймээс хууль тогтоомжгүй байгаа өнөөгийн нөхцөлд хувь хүн өөрөө л хувийн мэдээлэлдээ хариуцлагатай хандах ёстой. Би хэнд, юунд бүртгүүлээд байна, аль байгууллага ямар зорилгоор судалгаа авч, юунд ашиглах гэж байгаагаа асуудаг байх хэрэгтэй.

-Сонгууль ойртоод айлын хаалга тогшсон ухуулагч-судлаачид их болж байна. Заримдаа амгалан тайван алдагдуулах нь ч бий. Мэргэжлийн байгууллагын хувьд үүн дээр хэрхэн анхаардаг вэ?

-Судалгаанд оролцох эсэх нь тухайн хүний сайн дурын эрх. Таагүй санагдсан, оролцмооргүй, итгэл төрүүлэхгүй байвал татгалзаж болно. Судалгааны байгууллага судалгаанд оролцогчтой харилцах, ярилцлагаа зохистой өрнүүлэх талаар судлаачдадаа сургалт хийж, судалгаанд гаргадаг. Судлаач ямар нэг зохисгүй үйлдэл гаргавал гомдол мэдээллээ судалгааны байгууллагад нь өгч болно. Ёс зүйгүй үйлдэл гаргасан, хүмүүстэй зохисгүй харьцсан бол шаардлагатай арга хэмжээг авна. Цаашид судалгаа хийх эрхгүй “хар жагсаалт”-д орно.

-Нэр дэвшигчийн сонгуулийн штабынхан ухуулга хийхдээ судалгаа аваад явдаг. Тиймээс үнэн бодитой судалгаа хийхэд та мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

Ихэнхдээ нэр дэвшигчийн талын хүмүүс байдаг тул судалгаанд субьектив хандах талтай.
Аливаа судалгаа тухайлбал, ISO 20252 стандартаар маркетингийн судалгаа бол маркетингийн үйл ажиллагаанаас тусдаа байх ёстой гэж үздэг. Судалгаа явуулахдаа хүнд сурталчилгаа хийж болдоггүй. Ингэвэл хайрцаглагдсан буюу худал мэдээлэл нэр дэвшигчдээ өгч, улмаар буруу шийдвэр гаргахад хүргэдэг. Тиймээс судалгааг аль болох хөндлөнгийн байр сууринаас хийхийг хичээгээрэй. Тухайн сонгуулийн штабын хороо, хэсэг хариуцсан хүмүүсийг солбицуулж явуулж байж гажуудалтай судалгаанаас зайлсхийнэ. Мэдээлэл өгч, ухуулга хийсний дараа авсан судалгаа бодит байдлаас зөрж, улмаар төсөөлөл нь төсөөллийг өсгөдөг аюултай.

Манай улсын хууль тогтоомжид хэрхэн зохицуулсан байдгийг мэдэхгүй, олон улсад бол push polling буюу түлхэх судалгаа гэж байдаг. Нэр дэвшигчээ танилцуулангаа сонгогчид сурталчилгаа хийдэг хувилбар бас бий.

-Сонирхоод асуухад МАН судалгааны санхүүжилт гэж нэг нэр дэвшигчээс 50 сая, нийт 15 тэрбум төгрөг цуглуулж, судалгаа хийсэн гэсэн мэдээлэл явж байгаа. 15 тэрбум төгрөгийн өртөгтэй судалгаа гэж манай нөхцөлд байх боломжтой юу?

–ESOMAR байгууллагаас гаргасан тооцоогоор Монгол Улсын судалгааны салбарын орлого 2018 оны байдлаар 2.6 сая ам.доллар байсан. Бидний тооцоогоор 2019 онд салбарын орлого 3.0 сая ам.доллар болсон гэж үзвэл 8.3 тэрбум төгрөг болж байна. Монгол Улсад энэ салбарт хэд хэдэн байгууллага ажиллаж байгаа. 15 тэрбум төгрөг гэдэг бол манай салбарын бараг хоёр жилийн орлого байна. Ийм хэмжээний орлогыг нэг судалгааны төслөөс олдог бол сайхан л байх.

-Танайх судалгааны мэргэшсэн байгууллага. Манай төрийн байгууллагын мэдээллийн ашиглалт, нээлттэй байдал хэр зэрэг сайжирч байгаа вэ?

-Мэдээллийн нууцлалыг зохицуулсан хууль тогтоомж байхгүй тул манайх шиг судалгааны байгууллага төрийн байгууллагын мэдээлэл, датаг ашиглах боломжгүй байна. Шаардлагатай мэдээллээ авах гээд албан ёсоор төрийн байгууллагад хандах талаар зохицуулсан дүрэм журам байхгүй учраас төрийн албан хаагчдын зүгээс болгоомжлол, хардлага сэрдлэг гээд олон саад бэхшээл тулгардаг. Тиймээс задгай, хараат бус дата хаалттай байна. Хэдийгээр зарим талаар мэдээллийг албан бус шугамаар авч болох боловч дандаа ингээд явна гэж байхгүй. Нөгөөтээгүүр, судалгааны тайланг олон нийтэд дэлгэхдээ датаг албан бус шугамаар олж авсан бол ёс зүйгүй үйлдэл болдог.

Харин мэдээллийн системийг холбох, олон нийтийн үйлчилгээнд ашиглах нөхцөл сайжирч байгаа. Хамгийн сүүлд, би Eservice.mn-ээр худгийн зөвшөөрөл цахимаар гаргуулсан. Тэр хэрээр төрийн үйлчилгээ хөнгөвчлөгдөж байгаа нь илт харагдаж байна. Хамгийн гол нь мэдээллийн аюулгүй байдлын хуулиа баталж, судалгааны болон иргэний нийгмийн, мэргэжлийн байгууллагуудад ашиглуулах хэмжээ хязгаар, зохицуулалтыг нь сайжруулах шаардлага бий.

-Нээлттэй улс орнуудад тухайлбал, баруунд нэр дэвшигч татвараас зайлсхийсэн эсэх, өмнө ажиллаж байсан газрууддаа ямар түүхтэй эсэх гээд бүх мэдээлэл нээлттэй, хаашаа ч зугтах аргагүй байдаг. Манайд ийм болоход хэр удах бол?

-Иймэрхүү санаачилга энд тэнд өрнөж байгаа. Тухайлбал, opendatalab.mn гээд компани, аж ахуйн нэгжүүдийн УБЕГ дахь мэдээлэл, улс төр болон төрийн байгууллагын хамаарал бүхий албан тушаалтнууд, tender.gov.mn дэх түүх, АТГ-ын ХОМ-тэй холбосон платформ бий. Оны өмнөхөн бид СЗХ-ны үл хөдлөх хөрөнгө, үнэт металлын худалдаа эрхлэгчдийн байгууллагын эрсдэлийг гаргахдаа улс төрд нөлөөтэй хамаарал бүхий этгээд гэсэн үзүүлэлт оруулсан юм. Хэрэв энэ бүх мэдээлэлд төрийн байгууллагууд харилцан нэвтрэх боломжтой болчихвол СЗХ ч гэсэн тусгай зөвшөөрөл олгохдоо харгалзан үздэг байх нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээ сэргийлж, ил тод болно. Ер нь ямар нэг мэдээлэл дангаараа үнэ цэн багатай байдаг бол хооронд нь холбож, харилцан хамаарлыг нь гаргаад өгвөл үнэ цэн нь өсдөг. Smartcar.mn гэхэд татвар, даатгал, үзлэг оношилгоо, авто засварын түүхийг нь холбосон учраас үнэ цэнтэй байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

ЭХ ҮҮСВЭР: https://mongolianeconomy.mn/

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ