Ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн билээ. Түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй, хүн усгүйгээр амьдарч чадахгүйд байгаа юм. Гэвч дэлхий дээр байгаа бүх усны 1 хувь нь цэвэр ус байдаг. Харин 97 хувь нь далай тэнгисийн ус, 2 хувь нь хойд өмнөд туйлын ус билээ . /https://mn.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%81/
УСУГ–ын хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг бид 10 дах жилдээ хийж гүйцэтгэлээ. Судалгаанд гэр хорооллын болон орон сууцны нийт 1500 хэрэглэгч, аж ахуйн нэгж, байгууллагын 300 хэрэглэгч тус тус хамрагдлаа.
Судалгааны гол зорилго нь өрх болон байгууллагын хэрэглэгчдийн УСУГ-ын талаарх ойлголт, усны хэрэглээ, хандлага, бүтээгдэхүүн үйлчилгээнд өгч буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлж, цаашид сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай зөвлөмж дүгнэлтээр хангах явдал юм. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг НҮҮР ТУЛСАН харилцан ярилцлага /face to face interview/ хэлбэрээр таблет ашиглан гүйцэтгэсэн.
Судалгааны явцад гэр хорооллын хэрэглэгчид ухаалаг ус түгээх төхөөрөмж ус түгээх байруудад байршуулсан нь цаг үеэ олсон маш сайн ажил болсон ба үлдсэн энгийн ус түгээх байруудад ухаалаг төхөөрөмж суурилуулах хэрэгтэй гэдгийг судалгааны үеэр захин хэлж байна. Ус түгээх байрны гадна орчинд анхаарал хандуулж өвөлдөө хөлдөж мөстдөг, зундаа шавар шавхай үүсдэг байдлыг бууруулж ус түгээх байрны орчныг тохижуулах хэрэгтэй талаар судалгаанд оролцогчид дурдаж байлаа.
Хэрэглэгчдийн хандлагын хувьд усаа хэмнэх хэрэгтэй, усаа хэмнэх талаар хүүхдүүдээ зааж зөвлөдөг гэж хариулж байгаа хэдий ч үүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг байдал нь хангалтгүй байна.