“Эм Эм Си Жи” ХХК нь “Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сумдын засаглалын байдалд жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийх” ажлыг Монгол Улсын Сангийн яамтай байгуулсан гэрээний дагуу 2018 онд 6 аймгийн 119 сум, 2017 онд 9 аймгийн 113 суманд хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Сангийн яам Тогтвортой амьжиргаа – 3 төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн гол зорилго нь хөдөө орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү зорилгын хүрээнд төсөл нь:
1) Орон нутгийн засаглалын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ
2) Сайн засаглал-үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сайн засаглал-үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр нь Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй Монгол Улсын 330 сумын засаглалын түвшинг жилийн гүйцэтгэлээр үнэлж, үнэлгээнд үндэслэн болзол хангасан сумдад тодорхой хэмжээний урамшуулал олгох зорилготой юм.