Skip links

Судалгаа зөвлөх үйлчилгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэх нөхцөл бүрдлээ

Share This Post

Маркетингийн судалгаа зөвлөх үйлчилгээний MMCG компаниас энэхүү байдалд дүгнэлт хийж, Олон улсын стандартын байгууллагад хандан ISO 20252:2012 стандартыг албан ёсны эрхтэйгээр худалдан авч орчуулан, үндэсний стандарт болгон батлуулах чиглэлээр СХЗГ-тай хамтран ажиллаж, уг стандартыг 2012 оны 12 сарын 20-ны өдөр Стандартын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. MMCG компани нь 2002 онд байгуулагдсан, маркетингийн болон нийгмийн судалгаа, зөвлөх үйлчилгээний мэргэжлийн анхдагч, тэргүүлэгч компани бөгөөд сүүлийн 12 жилийн хугацаанд 70 орчим салбарын 240 гаруй судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгээд байна. Мэргэжлийн анхдагч, тэргүүлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан Монгол Улсын энэ салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэхийг зорин ажиллаж, анхны алхамаа хийсэн юм.

Энэхүү олон улсын стандарт нь маркетинг, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгааг гүйцэтгэж буй байгууллага, мэрэгжилтнүүдийн үйлчилгээнд хэрэглэгдэх нэр томъёо, үйлчилгээний шаардлагыг тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, судалгааг хийлгэх хүсэлтэд хариу өгөхөөс эхлүүлээд судалгааны үр дүнг хүлээлгэж өгөх хүртэлх бүхий л үе шатанд дагаж мөрдөх стандартыг тодорхойлж өгсөн байдаг. Олон улсын стандартыг дагаж мөрдснөөр дараахь эерэг үр дагаврууд гарсан гэж бид үзэж байна.

  • Үндэсний судалгааны байгууллагууд болон захиалагч талууд ISO: MNS 20252:2012 “Зах зээл, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгаа – Нэр томъёо, үйлчилгээний стандарт”-ыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн байна. Энэ дотоодын судалгааны байгууллагуудын нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлж тэдний чадавхи нэмэгдэхэд эерэг нөлөөл үзүүлж байгаа юм.
  • Дотоодын бизнесийн байгууллагуудын судалгаа зөвлөх үйлчилгээний ажлын ач холбогдол, үр дүнд итгэх итгэл нэмэгдэх болсон. Зөвхөн манай компанийн жишээн дээр аваад үзэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд өмнөх хоёр жилтэй харьцуулахад судалгаа хийлгэх хүсэлтийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
  • Гадаадын хөрөнгө оруулагчид, компаниудын дотоодын компаниудаас судалгаа, зөвлөх үйлчилгээ авах хүсэлт нэмэгдэх боллоо. Манай компанийн жишээн дээр аваад үзэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд бид ЭЗОМАР-ын сүлжээгээр[1] дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдээс 50 гаруй ажлын санал хүлээн аваад байна.
  • Үндэсний зөвлөхүүдийн судалгаа, зөвлөх үйлчилгээг олон улсын хөрөнгө оруулагчид хандивлагч байгууллагууд хүлээн зөвшөөрөх болсон. Үндэсний зөвлөх компаниуд Монгол дахь олон улсын байгууллагын зөвлөх үйлчилгээний тендерт олон улсын судалгааны компани, институтууд зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй өрсөлдөн ялалт байгуулах болсон.Олон улсын мэргэжлийн болон ёс зүйн стандартуудыг дагаж мөрдснөөр бид НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын онцлог зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Эдгээр байгууллагын захиалгаар хийж буй судалгаанууд нь хүүхэд, эмзэг судалгаанд оролцогчтой харилцах гэх мэт илүү их мэргэжлийн болон ёс зүйн стандартуудыг шаарддаг.

Дээр дурдсан өөрчлөлт, үр нөлөө нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, дотоодын бизнесийн байгууллагуудын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлж, үндэсний зөвлөхүүдийн чадавхийг бэхжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үр дүнгээ өгөх болно гэж бид итгэж байна. Ингээд Зах зээлийн, олон нийтийн санаа бодлын болон нийгмийн судалгаа —Нэр томьёоны тайлбар толь ба үйлчилгээнд тавигдах шаардлагууд ISO 20252:2012 стандартыг товч танилцуулъя. Уг стандартыг ОУСБ‑ын 225 дугаар Техникийн хороо боловсруулсан бөгөөд хоёрдахь засаж сайжруулсан хувилбар юм. Анх ISO 20252:2006 стандартыг 2006 онд гаргаж байсан бөгөөд энэ онд орчин үеийн судалгааны шинэлэг арга, аргачлал, технологийн асуудлыг тусган 2012 оны 6 дугаар сард шинэчлэн гаргасан юм.

Энэхүү олон улсын стандарт нь зах зээлийн, олон нийтийн санаа бодлын болон нийгмийн судалгааг гүйцэтгэж буй байгууллага, мэргэжилтнүүдэд хэрэглэгдэх нэр томъёо, тодорхойлолтуудыг бий болгож, тэдний явуулж буй ажил үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг тогтоож өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл судалгаа хийлгэх хүсэлтийг хүлээн авч хариу өгөхөөс эхлүүлээд судалгааны үр дүнг хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л үе шатанд дагаж мөрдөх стандартыг тогтоож өгч байгаа юм.

Стандартад дурдсны дагуу судалгааны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд гэдэгт зах зээлийн, олон нийтийн санаа бодлын болон нийгмийн судалгааны төсөл болон төслийн зарим хэсгийг хэрэгжүүлж буй байгууллагуудыг хамруулан авч үзэж байгаа юм. Үүнд хувийн судалгааны байгууллага; эрдэм шинжилгээний болон их дээд сургуулийн судалгааны хүрээлэн; компани доторх судалгааны нэгж, газар, хэлтэс; орон нутгийн захиргааны байгууллага; албан ёсны статистикийн байгууллагууд болон тэдгээртэй адилтгах  судалгаа хийдэг хувь хүн зэрэг байгууллага, хувь хүмүүс орно. Тэгэхээр энэхүү стандарт нь энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, хүмүүс болон нөгөө талаар судалгааны үйл ажиллагаа захиалан хийлгэж байгаа захиалагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн дагаж мөрдөх стандарт юм.

[1]http://www.esomar.org/

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ