Skip links

Зөвлөх үйлчилгээ, судалгааны бизнес нь мэдлэг, туршлагад суурилсан бизнес

Share This Post

Маркетинг ба Өнөөдөр сэтгүүлийн ярилцлагын булан. Сайн байна уу? Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаа танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач? Маркетингийн талаарх шинэ мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж байдаг танай сэтгүүлийн хамт олонд болон танай сэтгүүлийн нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Д.Амгаланбаатар гэдэг. MMCG ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг, одоо Ерөнхий захирлаар нь ажилладаг. Маркетингийн ухааны докторантурт суралцаж байгаа, сүүлийн 14 жилийн турш маркетинг, борлуулалт, маркетингийн судалгааны чиглэлээр дагнан ажиллаж байна. Та анх компаниа үүсгэн байгуулж байсан талаараа ярьвал. Яагаад энэ чиглэлээр ажиллах болов? 1998 оны намар МУИС-ийн ЭЗС-ийн зах зээл судлалын ангид элсэн орсон. Зах зээл судлалын анги гэдэг бол одоогийн маркетингийн анги юм л даа, тухайн үед ийм нэртэй байсан юм. Их сургуульд суралцаж байхдаа ангийнхаа Д.Бум-Эрдэнэ, Р.Шинэгэрэл хоёртой танилцаж, гуравдугаар курст байх үеэсээ эхлэн судалгааны компани хамтдаа байгуулах талаар ярилцан, маркетингийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадны компаниудыг өөрсдийн хэмжээнд судалж эхэлсэн. Ингээд л оюутан байх хугацаандаа судалж байгаа хичээлүүдтэйгээ холбоотой, сурсан зүйлүүдээ ашиглаад хэд хэдэн судалгааны ажлыг хамтдаа хийж үзсэн нь амжилттай болж бидэнд урам өгсөн юм. Тэгээд нэг их удалгүй 4-р курст байхдаа буюу 2002 оны 2-р сарын 22-ны өдөр компаниа албан ёсоор байгуулсан. Нэрний хувьд компаниа Маркетинг консалтинг групп гэсэн нэртэйгээр байгуулах хүсэлт гаргасан боловч энэ нэр маань бүртгэлтэй байж таараад Монголын маркетинг консалтинг групп болгохоор тохиролцож нэрээ авсан юм. Зах зээлд эзлэх хувь хэмжээ болон зах зээлийн өсөлтийн хоорондын хамаарлыг харуулсан Бостон матрицын талаар маркетерууд андахгүй л дээ. Энэ матрицыг Бостон консалтинг групп гаргасан бөгөөд энэ нэрээрээ алдартай болсон байдаг. Бид тухайн үедээ Бостон консалтинг групп-ын нэрнээс будаа идэх л гэсэн санаатай байлаа. Одоо эргээд харахад бас ч боломжийн сайн нэр сонгож өгсөн санагддаг. Манай компанийн одоогийн хүрсэн төвшин, цаашдын зорилготой нэр маань сайн нийцэж байгаа. Бид хэдийгээр нийгэм, эдийн засгийн бүх төрлийн судалгааны ажлуудыг хийдэг ч Маркетингийн судалгааг Монгол Улсад хөгжүүлэх зорилго тавьж, энэ чиглэлд мэргэшсэн зөвлөх үйлчилгээний компани юм. Бид одоо компаниудын брэнд хөгжүүлэлтийн загварыг өөрчлөх, бизнесийн загварын хувьд сайжруулах, илүү судалгаанд суурилсан хэрэглэгч төвтэй менежментийн загварыг Монголд нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Маркетингийн судалгаанаас гадна захиалагчийнхаа бизнес хөгжлийн загварт ахиц өөрчлөлт гаргахын тулд сургалт, зөвлөгөө зэрэг бүхий л чиглэлээр дэмжиж ажиллаж байгаа юм. Компаниа байгуулсны дараагаар хүндрэлүүд гарч байв уу?   Мэдээж гарч байсан. Сургуулийн ширээний ардаас шууд судалгаа хийж, зөвлөгөө өгөхөд бидний зөвлөсний дагуу тухайн хүний бизнес сайжирна гэсэн дэврүүн бодолтой байлаа. Практик туршлага, онолын мэдлэг гээд ер нь маш олон зүйлээрээ бид учир дутагдалтай байсан. Тийм ч учраас захиалагч талд хийсэн ажлууд маань таалагдахгүй, тэдний санаанд нийцэхгүй байх тохиолдол их л гардаг байсан юм. Ер нь судалгаа, зөвлөх үйлчилгээний бизнес өөрөө мэдлэг, туршлагад суурилсан бизнес учраас хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц чадамжтай болтлоо цаг хугацаа шаарддаг. Тэгвэл энэ хугацаанд олон зүйлийг олж мэдэж суралцсан байх. Зарим туршлагаасаа хуваалцвал? Жишээ нь бид 14 жил үйл ажиллагаа явуулсан хугацааныхаа 10 жилд нь Улаанбаатар хотыг, Монгол Улсыг төлөөлөх судалгааны түүвэрлэлтийг хэрхэн хийх аргачлалыг олон улсын зөвлөхүүдтэй хамтран хөгжүүлж байна. Судалгааны хичээл дээр санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийнэ гэхээр амархан юм шиг сонсогддог байсан. Эхний үедээ бид баг, хороон дээрх өрхийн жагсаалт дээр суурилдаг байсан. Гэтэл одоо Улаанбаатар хотод 5-аас дээш жил амьдарчихаад, тухайн хороондоо бүртгүүлээгүй иргэд бараг 10 орчим хувьтай байна. Тэгэхээр өрхийн бүртгэлд суурилан түүвэр хийхэд судалгааны үр төлөөлөх чадвар нь хангалтгүй болох талтай. Тиймээс бид Улаанбаатар хотын хороодыг хэсгүүдэд хуваан, газар зүйн мэдээллийн санг үүсгэн өөрсдөө тооллого хийж, тогтмол шинэчилдэг болсон. Түүвэр судалгаа гэдэг чинь магадлалын онол, математик статистикийн онол арга зүй дээр шууд суурилдаг. Ингэж байж эх олонлогоо буюу нийт Улаанбаатарчууд, Монголчуудын тухайн бүтээгдэхүүний хэрэглээний байдлыг бүрэн дүүрэн бодитой илэрхийлэх ёстой. Хэрвээ алдаатай хийгдвэл захиалагчийн бүхий л шийдвэр үйлдвэрлэлийн цар хүрээ, хөрөнгө оруулалтын хэмжээ худлаа болно. Нөгөө талаас нь харахад одоогоос 14 жилийн өмнө манай бизнесийн байгууллагуудын хөгжил сайнгүй, маркетингийн судалгаанд мөнгө зарцуулна гэдгийг ойлгодоггүй, маркетинг гэдэг зүйлээ ч сайн мэддэггүй үе байсан. Хэдий тийм байсан ч бид байгууллагууд дээр нэг бүрчлэн очиж өөрсдийгөө танилцуулаад, санал болгож байгаа ажлаа тайлбарлаад уйгагүй явдаг байлаа. 20 байгууллагаар орж танилцуулга хийхэд 1 нь л эргэж холбогддог байсан гэхээр ойлгогдох байх. Одоо бол бидний энэхүү салбарын зах зээл дээр судалгаа хийж хуримтлуулсан туршлага, нөгөө талаасаа захиалагчид, бизнес эрхлэгчдийн маань судалгааны ач холбогдолыг ойлгох байдал хоёр тэнцэж ирж байна гэж дүгнэж болохоор байна. Бид компаниудын бизнес хөгжлийн процесст өөрчлөлт хийх түвшинд илүү ойр ажиллах боломжтой болж байгаа юм. Энэ нь судалгааны хөгжилд маш чухал, илүү үр дүнтэй бодит бизнесийн шийдэл бий болгохуйц анализ дүгнэлтийг харилцагчдаа санал болгодог болно. Та судалгааны салбарт ажиллаад 14 жилийг ардаа үджээ. Маркетингийн судалгааны салбарын хөгжил 14 жилийн өмнө ямар байв, одоо ямар болсон, цаашид ямар болох төлөвтэй байна вэ? Энэ салбар 14 жилийн өмнөхтэй харьцуулбал хөгжсөн шүү. Гэхдээ бас л яагаа ч үгүй байна. Энэ салбарт ажиллаж эхлэх үедээ маркетингийн судалгаа дэлхий дахинд хэр өндөр түвшинд хөгжсөн юм бэ гэдгийг үнэндээ бол сайн мэдээгүй юм. Ажиллаад эхэлснийхээ дараа бага багаар мэдэж бас мэдэрч эхэлсэн. Уншигчдад маань сонин байж магадгүй хэдэн тоо хэлэхэд 2014 оны байдлаар дэлхийн судалгааны зах зээл дээр 43 тэрбум ам.доллар эргэлдэж байна. Энэ мөнгөний 22 тэрбумыг нь топ 25 компани хувааж хүртдэг. Ингээд бодохоор бас л их том зах зээл байгаа биз. Харин энэ их мөнгөнөөс манай улсын компаниуд хэр хэмжээний орлого олж байгаа вэ гэж бодвол бас нэг өөр тоо гарах биз. Анх бид ажлаа эхэлж байхад маркетингийн судалгааны компани манайхаас өөр байхгүй байлаа. Одоо бол энэ зах зээл нилээдгүй олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Зарим нэг компаниуд тодорхой чиглэлийн үйлчилгээгээр дагнан ажиллах эхлэл ч тавигдаж байна. Мөн зөвхөн бизнесийн салбар гэхгүй төр засгийн түвшинд судалгааны ач холбогдлын талаар ярьж эхэлсэн нь эерэг хандлага юм. Цаашдын хөгжлийн хандлага бол дотоод өрсөлдөөн дээр суурилсан байхаасаа илүү гадаад зах зээл рүү чиглэсэн судалгааны салбар өндөр хөгжсөн улс орнуудаас суралцаж шинэ ололт амжилтыг нь өөрийн оронд нэвтрүүлсэн байвал илүү сайн байх болно гэж боддог. Ер нь байгууллагууд яагаад мэргэжлийн судалгааны компанитай хамтран ажиллах ёстой вэ? Давуу болон сул талын хувьд?   Судалгаа бол нэг хүний хийдэг зүйл биш, багийн ажиллагаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Манай бизнесийн байгууллагуудын нэг дутагдалтай тал нь юу байдаг вэ гэхээр нэг маркетингийн менежер ажилд авдаг, тэгээд чи бүгдийг нь хийх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Мэдээж хүнд чадах юм байна, чадахгүй юм байна. Бүх компаниуд судалгааны багтай байвал сайн гэхдээ бодит байдал дээр тийм байдаггүй. Магадгүй маркетингийнхаа албаны цалингийн зардлыг дийлэхгүй байж болох шүү дээ. Тэгэхээр судалгааны ажил гэдэг бол нэгдүгээрт, багийн ажиллагаа, хоёрдугаарт, мэргэжлийн үйлчилгээ. Яг л эмч шиг. Эмч хүний өвчнийг оншлоод эмчилдэг шиг, судалгаа тухайн бизнест гарч байгаа асуудлуудыг олж илрүүлэн засч залж явахад нь тусалдаг үйлчилгээ. Мөн эмнэлгийн үйлчилгээ өндөр ёс зүйн кодтой, буруу эмчилгээ хийгээд хүнийг дордуулчиж болохгүй, мэргэжлийн ёс зүй, арга аргачиллаа баримтлаад үнэн зөв тоо, мэдээллээр хангах ёстой. Судалгаанд суурилж улс орны, томоохон хөрөнгө оруулалтын, брэнд хөгжүүлэлтийн гээд олон чухал шийдвэрүүд гардаг. Тиймээс маш хариуцлагатай ёс зүйтэй байх ёстой болдог. Энэ шинжлэх ухааны онол арга зүйд суурилсан, нөгөө талаас бизнесийн мэдлэг, мэдрэмж өндөр шаардсан зөвлөх үйлчилгээ юм. Ийм учраас л мэргэжлийн судалгааны компанитай хамтран ажиллах ёстой. Таны хувьд маркетингийн судалгааг маш товчхон тайлбарлавал?   Маркетингийн судалгаа гэдэг бол харилцагчаа зөв шийдвэр гаргахад нь шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангах цогц үйл ажиллагааг л хэлнэ дээ. Маркетингийн судалгаа хийдэг олон компаниуд байгаа юм байна. Тэгвэл маркетингийн судалгааны компаниудын цаашдын хөгжлийг та хэрхэн харж байна? Судалгааны байгууллагууд олноор байгуулагдаж байгаа нь муу зүйл биш. Өөрөөр хэлбэл, бид дэлгүүрт ороод олон төрлийн өөрт хэрэгтэй, хүсч байгаа бараагаа сонгож авдаг шиг, олон судалгааны байгууллагаас сонголт хийж хамтарч ажиллах нь илүү давуу талтай зүйл юм. Гол нь тухайн байгууллага нь өөрийн гэсэн онцлог бүтээгдэхүүн үйлчилгээтэй байна уу, мэргэжлийн ёс зүйн стандартуудыг дагаж мөрдөж байна уу, тухайн салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмэрээ оруулж чадаж байна уу гэдгийг л харах нь зөв. Хүүхдийн зулай шиг эмзэг байгаа зөвлөх үйлчилгээний зах зээл дээр үйл ажиллагаа дөнгөж явуулж эхлээд харилцагчаа хашраагаад байвал бид цаашаагаа яаж явах вэ? Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэдэг зүйр үг байдаг шиг. Нэг нь асуудал үүсгэхэд бүх судалгааны байгууллагууд асуудалтай байдаг гэсэн ойлголтыг өгдөг. Тэгэхээр манай судалгааны компаниуд өөрсдөө ёс зүйтэй, бас чадварлаг байх, үйлчилгээгээрээ ялгарах ёстой байгаа юм. Гадны байгууллагуудыг харж байхад олон юм руу үсчихийн оронд чаддаг ганц хоёр үйлчилгээн дээрээ л төвлөрч ажиллаж амжилт үзүүлж байх нь нийтлэг харагдаж байна. Нэг жишээ хэлэхэд “BARE International” гэдэг компани байна. Энэ компани 1987 онд байгуулагдсан цагаасаа хойш “Mystery shopping” судалгаагаар илүү дагнан ажиллаад амжилтанд хүрсэн байх жишээтэй. Мөн та бидний сайн мэдэх “Millward Brown” компани бол “Branding”-ийн судалгааг бусдаасаа илүү өндөр түвшинд хөгжүүлсэн байдаг гэх мэт олон жишээг дурьдаж болох юм. Танай хамт олны сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа, мөн хийхээр төлөвлөж буй ажлаасаа манай уншигчидтай хуваалцаач? 2014 оноос хийж эхэлсэн Брэнд Медиа Атлас судалгаагаа энэ жил үргэлжлүүлэн хийнэ. Мөн Eye Tracking судалгааг харилцагчдаа таниулан хэрэглээ болгох тал дээр хичээн ажиллаж байна. 2015 оны 10 сарын 26-нд манай компани Win Gallup International байгууллагын 76 дахь гишүүн орноор элсэн орсон. Энэ гишүүнчлэлийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж End of the Year судалгааг Монгол Улсдаа амжилттай зохион байгуулсан. Урьд нь дэлхийн аз жаргалын, эдийн засгийн индекс гээд олон улсын харьцуулсан судалгаануудад Монголын тоон үзүүлэлт хоосон байдаг байсан. 2015 оны сүүлээс орох болсон. Олон улсад харьцуулсан судалгаа хийхэд Дэлхийн орнууд тухайн асуудалд Монголчуудаас ямар өөр байр суурьтай байдаг нь харагддаг. Дэлхийн хэмжээний судалгааны эвсэлд нэгдсэн нь нэг тийм дэлхийгээс салангид олон жил явсан сэтгэлгээгээ өөрчилж бусад улс орнууд ямар байр суурьтай байна, дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг мэдэрч, хамт хөгжихөд чухал ач холбогдолтой юм. Энэ жил 5 дугаар сарын 22-25-ны хооронд Марроко улсад зохион байгуулагдах Win Gallup 69 дэх удаагийн бүх гишүүдийн хуралд төлөөлөгчдөө явуулахаар бэлдэж байна. Та судалгааны багаа 10 хүнтэйгээр бүрдүүлбэл танай баг ямар бүтэцтэй байх вэ? Яагаад? Сонин асуулт байна. Судалгааны багаа арван хүнээр бүрдүүлвэл хамгийн багадаа 6 хүнээ мэдээлэл цуглуулалт, хяналт дээр тавина. Судалгааны байгууллагад ямар бүтэц илүү тохиромжтой юм бэ гэдэг дээр нилээн олон жил эрэл хайгуул хийлээ. Дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг TNS, IPSOS, GfK гэсэн компаниудын бүтцийг авч үзэхэд Operation Departrment буюу мэдээлэл цуглуулалт боловсруулалтын албандаа их анхаарал хандуулдаг юм байна лээ. Шалтгаан нь анхдагч мэдээллийн үнэн зөв байдалтай шууд холбоотой. Анхдагч мэдээллээ цуглуулахдаа л алдаа гаргаад байвал цааших бүх процесс нь хэрэггүй болдог. Тэгвэл үнэн зөв мэдээлэл авахын тулд судалгааны байгууллагууд юунд анхаарч ажиллах нь зөв бэ? Судлаачийн ёс зүйн талаар таны бодол? Судалгааны байгууллагуудын удирдлагууд өөрсдийгөө зөвхөн B2B зах зээл дээр ажилладаг гэж ойлгох нь түгээмэл байдаг. Нэг талаасаа тийм байх нөгөө талаас нь авч үзвэл биднийг мэдээллээр хангаж байгаа тэр респондентууддаа хамгийн их анхаарал тавих хэрэгтэй. Хүнтэй харилцах ажил хийдэг хүмүүс шүү дээ бид чинь. Үүнтэй холбоотой судлаачдын мөрдөх зарчмуудыг ESOMAR-ын ёс зүйн код дээр хэрхэн дурьдсныг авч үзье л дээ. • Маркетингийн судлаачид үндэсний болон олон улсын холбогдох бүх хуулинд захирагдах ёстой. • Маркетингийн судлаачид ёс зүйтэй байх ёстой бөгөөд маркетингийн судалгааны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа зүйлийг хийхгүй байх ёстой. • Судалгаанд оролцогч сайн дурын үндсэн дээр оролцох бөгөөд судалгаанд оролцохыг зөвшөөрөх шийдвэрийг судалгааны зорилго, төслийн талаар хангалттай, үнэн зөв мэдээлэл дээр үндэслэн гаргасан байх ёстой. • Маркетингийн судлаачид маркетингийн судалгааны төслийн хүрээнд цуглуулсан хувийн мэдээллийг маркетингийн судалгааныхаас өөр бусад зорилгоор хэзээ ч ашиглах ёсгүй. Судалгааны салбарт амжилттай ажиллаж буй хүний хувьд манай улсын эдийн засгийн ирэх 5 жилийн үзүүлэлтийг ямар байна гэж үзэж байна вэ? Яг үнэндээ бол өөдрөгөөр харж чадахгүй байна. Тэгвэл эдийн засгийн хямралтай энэ цаг үед судалгаа бизнесийг хэрхэн аврах талаар таны зөвлөмж? Эдийн засаг хямралтай байх үе нь бас нэг талаараа давуу тал болно. Хямралыг нэг талаас боломж, нөгөө талаас аюул гэж ойлгодог. Боломж талаасаа харвал судалгааны компаниуд чадвараараа шигшигдэнэ, аюул бол ойлгомжтой бүх л газрууд хүнд байдалтай л байгаа. Гэхдээ яг үнэндээ энэ нь эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй засаглалын хямрал юм. Төр маань, Монголын томоохон компаниуд ч өөрсдийн цээжний бангаар, судалгаа тооцоогүй явдаг стандарт бус загвар нь туйлдаад эргээд боомилж байгаа хэрэг. Энэ чигээрээ цааш явбал Монголын нилээд олон том компаниуд байхгүй болох нөхцөл үүсээд байна, энэ нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Тиймээс засаглал, шийдвэр гаргалтын загвар, бизнес хөгжүүлэлтийн загвартаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Одоо дэлхийд компаниудын хооронд бүтээгдэхүүний гэхээсээ илүү бизнес загварын өрсөлдөөн явагдах болсон. Томоохон бизнесүүдийн бүтээгдэхүүнийг нь дуурайж хийж болох ч бизнес загварыг нь дуурайж чадахгүй учир өрсөлдөхөд хэцүү байдаг. Манай компанийн цаашдын үйл ажиллагааны чиглэл компаниудын бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлтийн загварыг илүү хэрэглэгчтэйгээ ойр харилцаатай, тэдний санал бодлыг сонсдог, судалж хөгжүүлэлт хийдэг болгож өөрчилөхөд чиглэж байгаа. Ингэснээр манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн олон улсын томоохон брэндүүдтэй өрсөлдөх чадамжтай болох юм. Ахиад хэлэхэд гол нь бүтээгдэхүүндээ биш, түүнийг хийх аргадаа өөрчлөлт оруулах ёстой. Олон жилээр, 100, 200 жилээр амьдрах брэндийг бүтээж хэрэглэгчээс урт хугацаанд үр ашиг хүртэхийн тулд брэнд хөгжүүлэлтээ стандарт процессых нь дагуу явуулж, түүндээ мөнгө цаг, хугацаа зарцуулж сурах хэрэгтэй. Ярилцлагынхаа төгсгөлд залуу судлаач, маркетеруудад зөвлөгөө өгвөл? Маркетингийн судалгааны ажилтан болъё гэж бодож байгаа залуустаа хандаад хэлэхэд өөрөөсөө би маркетингийн судалгааны мэргэжлийг сонирхож байгаа юу, хийх ажлаасаа сэтгэл ханамж авч ажиллаж чадах эсэх дээр өөртөө дүгнэлт хий. Дараа нь нэгэнт энэ салбарт орж ирсэн бол тууштай бай, шантрахгүй бай, үнэнч бай. Гол нь мэргэжилдээ гаргуун байх ёстой. Одоо суръя, хөгжье гэж бодсон хүнд мэдээлэл, суралцах боломж хангалттай байдаг болсон байна. Тэгээд олон жил хөгжсөн бизнес хөгжүүлэлтийн сайн загваруудыг ойлгож судлан загвараа мөрдөж, зөв хийж, түүндээ итгэх хэрэгтэй. Энэ нь мэргэжлээрээ амжилтанд хүрэхэд тусална. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ