MMCG компанийн санаачлагаар Маркетингийн судалгааг хөгжүүлэх, стандарт ёс зүйг сурталчлан таниулах, сургалт семинар, үзэсгэлэн зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилго бүхий Монголын маркетингийн судалгааны ассоциаци (ММСА)-ийг 2013 оны 10 сарын 15-ны өдөр байгуулсан билээ (www.mmra.mn сайтаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу). Маркетингийн судалгааны олон улсын болон бүс нутгийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, харилцан туршлага судлах, олон улсын аргачлал, стандарт, ёс зүйг суралцан, сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор ММСА-ийн зүгээс Ази, Номхон далайн орнуудын судалгааны хороо (APRC)-нд 2013 онд албан ёсоор гишүүнээр элссэн.
APRC-ийн 6 дахь удаагийн хурал, зөвлөгөөн Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотноо 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд болсон бөгөөд энэхүү хуралдаанд ММСА-ийн тэргүүн, MMCG компанийн Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн, MMCG компанийн судалгааны менежер Б.Хангал, О.Сумъяа нар оролцоод ирлээ.
Энэ удаагийн хурал зөвлөгөө нь дараахь хөтөлбөрийн дагуу явагдсан.
– АPRC-ийн 2014 оны дээд хэмжээний уулзалт (APRC Annual Summit Meeting): уулзалтад 10 улсын 11 мэргэжлийн судалгааны холбоодын удирдлагууд оролцож, тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашид хийж төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Уулзалтаар мэргэжлийн холбоодын гишүүдийн үйл ажиллагааг харилцан холбож өгөх, сурталчлан таниулах, сургалт семинар хөнгөлттэй нөхцлөөр хамруулах, тулгамдаж буй асуудлаар туршлагаа харилцан хуваалцах, Судалгааны бизнесийн дэлхийн сүлжээ (GRBN)-гээр дамжуулан Европ, Америкийн ижил төрлийн байгууллагуудтай холбоо тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
– “Бонсай судалгааны дизайн – Мобайл хэрэглээ нэмэгдсэн өнөө үед богино, илүү оролцоог хангасан судалгааг хэрхэн хийх вэ” (The Art of Bonsai Survey Design: How to design shorter, more engaging surveys for a more mobile enabled world) хагас өдрийн семинар: Энэхүү семинарыг GMI & Lightspeed Research Group (Kantar Group)-ийн дэд захирал Жон Пулестон удирдан явуулсан. Орчин үед гар утсанд суурилсан богино судалгаа хийх хандлага нэмэгдэж байгаа бөгөөд энэ төрлийн судалгааны аргачлал арга зүйн асуудлыг энэхүү семинараар танилцуулсан юм.
– “Хэрэглэгчдийг олон талт орчинд татан оролцуулах нь” (Engaging Consumers in Multi-Platform Environment) сэдэвт бүтэн өдрийн конференц: Орчин үед уламжлалт мэдээллийн хэрэгсэл телевизийн зэрэгцээ дижитал хэрэгслүүд болох ухаалаг гар утас, таблетийн хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан энэхүү зан төлвийг хэрхэн судлах, судалгааны үр дүнд үндэслэн хэрэглэгчдийг брэндийн хөгжилд эдгээр хэрэгслийг ашиглан хэрхэн татан оролцуулж байгаа талаарх олон сонирхолтой илтгэлийг бага хурлаар авч хэлэлцсэн. Маркетингийн олон улсын зах зээлд тэргүүлэгч AC Neilsen, TNS, Millward Brown, IPSOS компанийн төлөөлөл болон Singtel, Coca Cola, Twitter компаниудын төлөөлөл оролцож илтгэл тавьсан.
APRC-ийн дараа жилийн уулзалт 2015 оны 9 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд Шинэ Зеланд улсын Ауклэнд хотод болох болно. ММСА-ийн зүгээс маркетингийн судалгааг Монгол Улсад хөгжүүлэхээр зорин ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгж, судлаачдыг холбоонд гишүүнээр элсэн орж хамтран ажиллахыг урьж байна.