Skip links

Mонголын Мянганы Сорилтын Сангийн судалгааны зөвлөх байгууллагаар сүүлийн 4 жил ажиллаж улс орныхоо эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг ор

Share This Post

Монгол Улсын төр засгаас эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой боловсруулсан хөтөлбөрийг АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам.долларын санхүүжилтээр 2008 оноос эхлэн5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нь энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болж, төсөл хөтөлбөрийн үр дүнг дүгнэлээ. Хөтөлбөрийн хүрээнд гэрээний санхүүжилтийг зарцуулах нь зүйтэй гэж үзсэн Монгол Улсын төр засаг, иргэдийн өөрсдийнх нь тодорхойлсон Хөрөнгийн эрх, Хот орчмын бэлчээр, Мэргэжлийн боловсрол сургалт, Эрүүл мэнд, Авто зам, Цэвэр агаар гэсэн зургаан гол салбарт хөрөнгө оруулалт хийх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.

Аливаа үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, цаашид анхаарах чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн түвшинд сайтар боловсруулсан мэдээлэл, судалгаа шинжилгээний үр дүн чухал ач холбогдолтой байдаг билээ. Ийм ч учраас Монголын Мянганы Сорилтын Сангийн зүгээс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтэд тавих мониторинг үнэлгээний ажилд онцгой анхаарал хандуулж, энэ ажилд олон улсын болон үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж байсан.

MMCG компанийн зүгээс ММСС-гийн мониторинг үнэлгээний зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад 2009 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн бөгөөдММСС-гийн хөтөлбөрийн хамгийн том төсөл болох Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл (МБСТ)-ийн мониторинг үнэлгээний бүхий л ажлуудын гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж ирлээ. Эрэлтэд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог дэмжсэн шинэ бүтцийг бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангасан, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн чанартай сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд ММСС-гийн МБСТ-ийн төслийн үндсэн зорилго оршиж байсан юм.

МБСТ-ийн мониторинг үнэлгээний зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд манай компани төслийн мониторинг үнэлгээг хийхээр сонгосон 10 сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг санамсаргүй сугалааны аргаар зохион байгуулах ажлыг 2010 оноос хойш 3 жил дараалан гүйцэтгэсэн. Мэргэжлийн сургуульд элсэн орох бололцоог өргөдөл гаргагчдад тэгш олгож сугалааны зарчмаар элсэлтийг зохион байгуулсан, элсэхээр бүртгүүлсэн иргэдээс судалгаа авч, цаашид тэднийг судалгаанд хамруулахын тулд дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгэн, мэдээллийн сан үүсгэснээрээ онцлог ажил болсон. Энэ ажлыг гүйцэтгэснээрээ бид богино хугацаанд чадвартай мэдээлэл цуглуулах ажилтнуудыг бүрдүүлэн сургаж бэлтгэн, хугацаанд нь мэдээллийг цуглуулах, шивж оруулан алдаагүй бүрэн гүйцэт мэдээллийг санг бүрдүүлэх чиглэлээр ихээхэн туршлагыг хуримтлуулсан юм.

Мөн төслийн үйл ажиллагааны үр нөлөө, хүрсэн түвшинг үнэлж дүгнэхэд чухал ач холбогдол бүхий Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдлага, үйл ажиллагааны судалгааг MMCG компани 2011, 2012 онд дараалан хийсэн. Төслийн эцсийн үр дүнг үнэлж дүгнэх 2013 оны судалгааг мөн бид гүйцэтгэж байна. Энэхүү судалгаанд бид баримтын, тоон болон чанарын судалгааны мэдээлэл цуглуулах аргуудыг, тухайлбал, асуулга судалгаа, хоёрдогч тоо мэдээлэл цуглуулах, хичээлийн явцад ажиглалт хийх зэргээр МБС-ын байгууллагуудын нөхцөл байдлыг олон талаас авч үзсэн юм. Энэхүү судалгааг гүйцэтгэснээр бид боловсролын салбар, түүн дотроо МБС-ын салбарын талаар илүү гүнзгий мэдлэг мэдээлэлтэй болсон.

Төслийн мониторинг үнэлгээг хийхээр сонгосон 10 сургуульд элсэхээр өргөдөл гаргаж байсан иргэдийг хаана, юу хийж, ажиллаж амьдарч байгааг тодруулах, улмаар тэдний талаарх дэлгэрэнгүй судалгаа авах зорилго бүхий МБСБ-ын төгсөгчдийг тодорхойлох, мөшгих 2012 оны судалгааг зохион байгуулж явуулсан нь МБСТ-ийн үр нөлөөг үнэлэхэд чухал ач холбогдолтой  ажил болсон юм. Уг судалгаанд бид анх удаа томоохон хүрээнд телефон судалгааны мэдээлэл цуглуулах аргыг хэрэглэж, цаашид энэ чиглэлд ажиллах мэдлэг туршлагыг хуримтлуулж чадсан. Мөшгих судалгааны хувьд ч мөн Монгол Улсад анх удаа хийгдсэн гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй.

Үүний дараа МБС-ын байгууллагыг төгсөгчдийн мөшгөх хоёр дахь удаагийн судалгааг 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 9 дүгээр сарын хооронд илүү өргөн хүрээнд зохион байгуулсан. Энэ хүрээнд төслийн мониторинг үнэлгээг хийхээр сонгосон 10 сургуульд элсэхээр 2010, 2011, 2012 онд өргөдөл гаргаж байсан 5,385 иргэнийг 3 сарын хугацаанд хаа байгаа газраас нь олж судалгааг авч, улмаар судалгааны хамралтыг 95 хувьд хүргэх нь бидний хувьд томоохон сорилт болсон. Эдгээр 10 сургуулийг төгссөн иргэд ажил амьдралын шаардлагаар Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 230 сум, дүүрэгт тархан ажиллаж амьдарч байсанд бид нэг бүрчлэн хүрч судалгааг авч, өгөгдсөн хугацаанд судалгааны хамралтыг 95 хувьд хүргэж чадсан. Мэдээлэл цуглуулах багийн ажилтнуудын хичэл зүтгэл, багуудын үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулж байсан, орон нутгийн болон төр засгийн байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллаж байсан, судалгаанд оролцогчдыг олж тодруулах боломжит мэдээллийн эх үүсвэрийг бүрэн ашиглаж чадсан зэрэг нь боловсролын салбар дахь анхны өргөн хүрээтэй мөшгөх судалгааг амжилттай гүйцэтгэх хүчин зүйл болж байсан юм.

ММСС-гийн зүгээс судалгааны хамралтыг 95%-д хүргэх, мэдээлэл цуглуулалтын болон оруулалтын алдааны түвшин 0.5%-аас хэтрүүлэхгүй байх зэрэг шаардлагыг хатуу тавьж байсан нь бидний хувьд томоохон сорилт болж байсан хэдий ч бид бүхний зүгээс хичээн ажилласны үр дүнд эдгээр сорилтыг давж чадсан нь томоохон сорилт туршлага боллоо. ММСС-тай хамтран ажилласан энэ хугацаанд бид санхүү, хүний нөөц, судалгааны аргачлал арга зүй, туршлагын хувьд хангалттай бэхжиж чадсан юм. Өөрөөр хэлбэл, ММСС-гийн зүгээс хэрэгжүүлсэн төслүүд нь тухайн салбарууддаа үр нөлөөгөө өгч Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үр шимээ өгсөн төдийгүй Монгол Улсын судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэхэд чухал хувь нэмрийг оруулсан гэж бид үзэж байна. Энэ дашрамд бидний ажил мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тусалж дэмжиж байсан ММСС-гийн Мониторинг үнэлгээний газар, Мянганы Сорилтын Корпорацийн гэрээлэгч байгууллага Ядуурлыг бууруулах санаачлага байгууллагын хамт олон талархалаа илэрхийлье.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ядуурлыг бууруулах үр дүнтэй төслийг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг зөв чиглүүлэхэд тусалж байсандаа бид бахархалтай байна. ММСС-гийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр нөлөө цаашид тогтвортой байж Монгол Улсын хөгжил дэвшилд үр нөлөө өгсөөр байна гэдэгт бид итгэлтэй байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ