Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй амралт, сувиллын бизнесийн концептыг боловсруулж, хэрэглэгчдэд санал болгох үнэ цэнийг нарийвчлан тодорхойлох судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энэ хүрээнд 2 үе шаттай 5 төрлийн судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Хамгийн эхэнд олон улсын туршлага, сүлжээ амралт, сувиллын газрын санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийн ялгарлыг нарийвчлан тодорхойлж, дотоодын өрсөлдөгчидтэй харьцуулсан. Энэ хүрээнд Ази болон Европын нэр хүнд бүхий сүлжээ амралт, сувиллын газрыг хамруулан судаллаа.
Үүний дараа дотоодын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гэр бүлийн амралт, хүүхдийн сувиллын газруудын иргэдэд санал болгож буй нөхцөл, дүүргэлт, онцлог ялгарал зэргийг тодорхойлсон. Улмаар гэр бүлийн амралт, хүүхдийн сувиллын зах зээлийн төлөв байдал, нийтлэг алдаа дутагдал, төрийн зүгээс баримталж буй бодлого, цаашдын хандлага, зорилтот үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол, шаардлага, хангагдаагүй хэрэгцээ зэргийг тодорхойлох хүрээнд хэрэглэгчид болон мэргэжилтэнтэй ярилцлага судалгааг хийж гүйцэтгэсэн юм. Эцэст нь Улаанбаатар хотын амралт, сувиллын газраар үйлчлүүлэх боломжит хэрэглэгчийн зах зээлийн боломжит хэмжээг тодорхойллоо.
Зах зээлийн багтаамж, хэрэглэгчдэд өгч буй үнэ цэнийг нарийвчлан тодорхойлсноор хөрөнгө оруулагчдад зах зээлийг гүнзгий ойлгох, ирээдүйд бий болох эрсдэлийг урьдчилан харах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангах зэрэг олон давуу талыг бий болгодог ач холбогдолтой юм.