Skip links

Байгаль орчны гүйцэтгэлийн индексийн шалгуур үзүүлэлтийг боловсрууллаа.

Share This Post

Эм Эм Си Жи ХХК нь 2024 оны 6 сараас эхлэн 6 сарын хугацаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар “Байгаль орчны гүйцэтгэлийн индексийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах, цаашид үнэлгээ хийхтэй холбоотой зөвлөмж боловсруулах” зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүллээ. Уг ажлын зорилго нь Йель болон Колумбын их сургуулиас боловсруулдаг олон улсын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ (Environmental Performance Index – EPI)-г Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн үндэсний түвшинд нэвтрүүлэх, үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлалыг манай улсын одоогийн байгаль орчны үзүүлэлтүүдтэй уялдуулан боловсруулахад чиглэсэн юм.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд “Монгол Улсын үндэсний байгаль орчны гүйцэтгэлийн индекс (NEPI) тооцох аргачлал”-ыг боловсруулсан бөгөөд энэхүү аргачлал нь уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны эрүүл мэнд, экосистемийн амьдрах чадвар гэсэн гурван үндсэн зорилт, нийт 11 ангилал, 58 шалгуур үзүүлэлтийг багтаасан бүтэцтэй байхаар боловсруулагдсан. Мөн дээрх шалгуур үзүүлэлтүүдэд холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан Монгол Улсын үндэсний байгаль орчны гүйцэтгэлийн индексийг 2018–2023 оны байдлаар тооцоолж, үнэлгээг хийсэн.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон төслийн хариуцсан нэгжээс өгсөн чиглэлийн дагуу уг аргачлалуудыг эцэслэхээс өмнө холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал авах үйл явц зохион байгуулагдсан юм. Энэ хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газар, Байгалийн нөөцийн бодлого, төлөвлөлтийн газар, Хяналт, үнэлгээ, аудитын газар, Усны газар, Озоны үндэсний алба зэрэг байгууллагын мэргэжилтнүүдийг хамруулан зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж, Монгол Улсын үндэсний болон аймаг, нийслэлийн түвшинд байгаль орчны гүйцэтгэлийн индекс тооцох аргачлалд мэргэжлийн санал, зөвлөмжийг авч тусган боловсруулсан болно.

Энэхүү зөвлөх үйлчилгээний үр дүнд боловсруулагдсан аргачлал нь Монгол Улсын байгаль орчны бодлогын хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тоон мэдээлэлд суурилсан үнэлгээний аргачлалаар хэмжих, цаашдын бодлого, төлөвлөлтөд үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлэхүйц баримт бичиг болж байна. Цаашид уг үнэлгээний тогтолцоог үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах бодит боломж бүрдэх юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ