Skip links

Мөн чанартаа Маркетинг сайн хийнэ гэдэг бол бусдад тустай байхын нэр юм

Мөн чанартаа Маркетинг сайн хийнэ гэдэг бол бусдад тустай байхын нэр юм

/City night сэтгүүлийн Бизнесийн зөвлөгөө буланд Mongolian Marketing Consulting Group, “MMCG” компаний захирал Д.Бум-Эрдэнийн өгсөн ярилцлага/

Хийж бүтээж байгаагаар нь хүнийг дүгнэдэг та өөрийн компанийхаа үйл ажиллагаа товч танилцуулаач

Миний хийж бүтээсэн гэхээсээ илүүтэй компанийхаа хийж бүтээсэн зүйлийг ярья. Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд, маркетинг, менемент гэж ярьдаг болоод 19 жил л болж байна шүү дээ. 2000 он хүртлэх эхний 10 жилд бол ер нь хаана, хаашаа явж байгаагаа ч сайн ойлгохгүй цэвэр шилжилтийн гэж хэлж болох жилүүдийг өнгөрөөсөн. Дэлхийд бол маркетингийн ухаан II дайнаас хойш хөгжсөн гэж үздэг. Манай улсын хувьд бол одоо сүүлийн жилүүдэд л маркетинг гэж зүйлийн ач холбогдолыг ойлгож, бизнестээ ашигладаг болж байна. Гоё сайхан реклам зурагтаар олон давталтайгаар цацаж буйгаар нь маркетингийг үйл ажиллагаа сайтай байна гэж дүгнэвэл бас арай өрөөсгөл юм.

Манай компаний хувьд үндсэн үйл ажиллагаа маань бизнесийн судалгаа шинжилгээ хийх явдал. Бид 2002 оноос хойш Монголд маркетингийн судалгаа шинжилгээг мэргэжлийн төвшинд хөгжүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Бизнесийн судалгаа шинжилгээг манай компаниуд сүүлийн жилүүдэд л арай түлхүү үйл ажиллагаандаа ашигладаг болж байгаа. Өнөөдрийг хүртэл манай компаний гол орлогыг бүрдүүлж биднээр үйлчилүүлж байсан харилцагчдын маань дийлэнх хэсгийг гадны хөрөнгө оруулагчид, гадны хөрөнгө оруулалттай байгууллагууд, олон улсын байгууллагууд бүрдүүлж ирсэн. Зах зээл өндөр хөгжсөн орнуудад компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа маш нарийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан явуулдаг учраас Монголд ч гэсэн үйл ажиллагаагаа явуулахдаа тэр зарчимаа баримталдаг.

Зарим харилцагчдаасаа нууц биш бол хэлэхгүй юү?

Нууц зүйл байхгүй л дээ. Гол нь бид юу нууцалдаг вэ гэхээр тухайн харилцагчийнхаа бизнесийн үйл ажиллагааны талаар судалгааны явцад ашигласан материалууд, гол судалгааны үр дүнгүүдээ нууцалдаг.
Бид BAT, British American Tobacco, SK cолонгосын дэлхийн эхний 100-д багтдаг групп компани, World bank, ADB, гэхчилэн олон улсын байгууллагууд зэрэг олон нэр хүндтэй харилцагчдаараа бахархдаг, тэднээс маш их зүйлийг сурсан, тэр нь манай компаний хувьд туршлага болдог. Мөн манай компани Research international, IRMB international, GFK, Ipsos зэрэг олон улсын нэр хүнд бүхий судалгааны компаниудтай хамтарсан судалгааны ажлууд явуулж байсан. Олон улсын судалгааны стандартчилалыг бид тэднээс л суралцаж түүнийгээ монголдоо нэвтрүүлэхийг зорьдог. ISO гэж үйлдвэрлэлийн стандарт байдагтай адил, ESOMAR гэж олон улсын судалгааны стандарт тогтоодог байгууллага байдаг. Манайх Монголд тоон судалгааны бүх шатанд ESOMAR-ийг хэрэгжүүлсэн анхны судалгааны компани. Анхдагч, хоёрдогчдоо ч гол нь биш дэлхийн биднээс түрүүлээд зохиогдсон тэр сайн арга, аргачилуудыг Монголдоо нэвтрүүлье нэг ч гэсэн харилцагчийнхаа бизнесийн шийдвэр гаргалтад тусалж, эрсдэлийн бууруулж өгөх юмсан гэж хичээдэг.

Хамгийн сүүлд ямар сонирхолтой судалгааны ажил явуулав?

Хамгийн сүүлд манай компани “Imperial tobacco” компаний захиалгаар шинээр үйлдвэрлэх гэж буй тамхины хайрцагт хэрэглэгчийн хандах хандлагыг судлах сонирхолтой судалгааны ажил явууллаа. “Imperial tobacco” компани бол олон улсад нэр хүндтэй тамхи үйлдвэрлэгч, хүмүүс манайд зарагддаг “West” тамхиар нь мэдэх байх. Тус компани хямд үнийн сегментэд шинэ тамхи гаргахын тулд тэр сегментийн хүмүүст ямар хайрцагтай тамхи таалагддаг болохыг судлуулсан. Тэгэхээр бид судалгааны ажлыг хямд үнэтэй тамхи татах сониролтой байдаг “Улаан шонхор”, “LD” татдаг хүмүүсийг цуглуулж тэднээр үнэлүүлэх байдлаар судалгааны ажлыг явуулж яг зорилтод хэрэглэгчдийнх нь үзэл бодлыг үйлдвэрлэгчид нь хүргэсэн. Хэрвээ “Mild seven”, “Parlaiment” татдаг хүн тэр судалгаанд оролцвол бүр их өөр судалгааны үр дүн гарна шүү дээ. Нийтдээ 5 төрлийн тамхины хайрцагт хандах хандлагыг судалсан. Ер нь хүн бүтээгдэхүүнийг авахдаа эхлээд сав баглаа боодлоор нь л дүгнэлт хийнэ шүү дээ. Тиймээс сав баглаа боодлых нь харагдах байдалд тулгуурлаад зорилтод хэрэглэгчийн бүлэг хэр хүлээж авахаар байна, үнийн хувьд хэдэн төгрөгний бүтээгдэхүүн шиг харагдаж байна, дэлгүүрт ийм бүтээгдэхүүн байвал та авах уу ч гэдэг юмуу маш олон өөрийн бизнесдээ хэрэгтэй мэдээллийг авч чадаж байгаагаараа энэ судалгаа их сонирхолтой, үр дүнтэй болсон. Тухайлбал, тэдгээр 5 тамхины 3 нь огт Монголын зах зээлд амжилт олохгүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Зах зээл, хэрэглэгчийнхээ хүлээж авахааргүй бүтээгдэхүүнийг нийлүүлж, сурталчилгаа хийж үргүй зардал гаргахгүйгээр, урьдчилаад судалгаа хийн эрсдэлээ бууруулж чадаж байгаа юм шүү дээ.

Тэгэхээр одоо манай дотоодын компаниуд судалгаа шинжилгээ бараг хийлгэдэггүй гэж ойлгож болох уу?

Тэгэж ойлгож болохгүй л дээ. Ерөнхийдөө зах зээлийн багтаамжийн судалгаа, ерөнхий зах зээлийнхээ дүр зургийг харах судалгааг дийлэнхдээ хийлгэдэг. Энэ ч бас сайн талтай зах зээлийнхээ хаана яваад байна, өрсөлдөгч нар маань зах зээлийн хэдэн хувийг эзэлж байна гэдгээ мэдэх эрмэлзэлтэй байна гэдэг чинь зах зээлийн судалгаа шинжилгээний хэрэглээ нэмэгдэж байгаа л үзүүлэлт. Гэхдээ илүү үйл ажиллагааныхаа гүнд хандсан үр ашигтай судалгаануудыг хийж бизнестээ ашигладаг болох хэрэгтэй юм. Манай компаниуд бүтээгдэхүүнийг дийлэнхдээ үйлдвэрлэж эсвэл импортолж зах зээлд нийлүүлсэн хойноо борлуулалтын байдлаас нь ч юмуу хараад хүний хэрэгцээнд хэр нийцэж байгааг нь мэдэж байна ш дээ. Уг нь бол бүтээгдэхүүнийхээ санаанаас эхлээд, сав баглаа боодлын төвшинд нь, бүтээгдэхүүний туршилтын загвар дээр нь хэрэглэгчдээсээ санал бодлын авч яг зорилтод хэрэглэгчийн бүлгийнхээ хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадсан гэдэгтээ бат итгэлтэй болсоныхоо дараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлбэл илүү эрсдэл багатай юм шүү дээ. Ингэж судалгаа шинжилгээ хийхгүйгээр бүтээгдэхүүнийг зах зээлд нэврүүлснээсээ болж эрсдсэн бизнес, брендүүд, зар сурталчилгаанд зарцуулсан зардлыг тооцвол мөн ч олон оронтой тоо гарна даа. Бид өөрөө хэрэглэж байгаа эсвэл сайн зарагдаж байгаа брендүүдийг л мэдэхээс муу байгаад унасан бүтээгдэхүүнийг тоолоод суудаггүй болохоор мэдэхгүй байгаа юм.

Таны ярианаас маркетингийн үйл ажиллагаа зах зээл өндөр хөгжсөн орнуудад нэлээн өндөр төвшинд байдаг гэж ойлголоо. Үүнийг бий манай бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэврүүлэхийн тулд яах ёстой вэ?

Сүүлийн үеийн дэлхийн маркетингийн онол, практикт гарч буй шинэ хандлагуудыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа компани бараг алга. Гол нь агуулгын хувьд компаниуд өөрчлөлт хийх хэрэгтэй л дээ. Орчин цагийн маркетингийн агуулга уламжлалт маркетингийн агуулгаас нэлээн өөрчлөгдсөн л дөө. Хамгийн гол бизнес эрхлэгчдийн ойлгох ёстой зүйл бол “Сostumer equity” буюу “Хэрэглэгчийн үнэ цэнэ”-ийг бүтээх явдал юм. “Сostumer equity” гэдэг нь хэрэглэгчээс хүртэж болох тухайн компаний урт хугацааны санхүүгийн үр ашгийг хэлдэг.
“Сostumer equity” гэдгийг тодотгож ойлгуулах үүднээс “Life time value of consumer” гэдэг ойлголтын талаар ярих хэрэгтэй. Энэ нь “Хэрэглэгчийн насан туршийн үнэ цэнэ” гэсэн үг юм. Гол санаа нь хэрэглэгчид нэг удаа бүтээгдэхүүнээ худалдах биш, хэрхэн насан туршид нь хэрэглүүлэх вэ? гэдэгт оршино. Тухайлбал, Талх үйлдвэрлэдэг нэгэн компани байлаа гэхэд, нэг удаа нэг хүнд талх зарахад 1,000 төгрөг, тэр хүндээ долоо хоног зарах юм бол 7,000 төгрөг, сар зарах юм бол 30,000 төгрөг болно. Өдөр бүр нэг талхыг бүтэн жил зарж чадах юм бол 365,000 төгрөг болно. Тэр хүн 20 настай байхаасаа эхлээд 60 нас хүртлээ 40 жилийн хугацаанд зөвхөн танай талхыг үнэнчээр хэрэглэх юм бол 14,600,000 төгрөгний борлуулалт хийнэ. Ийм тооцооллыг бүх компаниуд өөрийн бизнес дээр хялбар тооцоолж болно шүү дээ. Тухайлбал үсчиний газар нэг үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай байхуйц үйлчилгээ үзүүлээд байж чадвал улиралд, жилд хэдэн төгрөг олж болохыгоо тооцож болно. Гол санаа нь нэгэнт бий болгосон үйлчлүүлэгчээ урт хугацаанд өөр бусад өрсөлдөгчдөө алдахгүйгээр хадгалж үр ашгийг нь хүртэнэ л гэсэн үг. Ер нь тухайн брэндийн хэр хүчтэйг байнгын үнэнч хэрэглэгчийнх нь тоогоор хэмждэг. Компаниуд маань шинээр хэрэглэгч бий болгохдоо гол нь анхаараад байдаг, уул нь илүүтэй бий болгосон хэрэглэгчээ яаж урт хугацаанд хадгалах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй юм. Зар сурталчилгаандаа маш их зардал гаргаад хэрэглэгчийг татаж чадсан ч бараг 2, 3 дахь худалдан авалт дээр нь хэрэглэгчээ өөрийн борлуулалтын тасалдал ч юмуу, эсвэл анханаасаа хэрэглэгчийнхээ эрэлт, хэрэгцээнд сайн нийцээгүй судалгаа муутай бүтээгдэхүүн гаргаснаасаа болоод алдчихдаг.

Тэгвэл Хэрэглэгчээ урт хугацаанд хэрхэн хадгалах вэ?

Мөн чанартаа Маркетинг сайн хийнэ гэдэг бол бусдад тустай байхын нэр юм. Хүнээс, хэрэглэгчээс үр ашиг л хүртэх гээд байгаа хэт бизнесийн ашиг харсан зорилгын талаар яриад байна гэж хүмүүс шүүмжилж болох юм л даа. Үнэн хэрэг дээрээ хэрэглэгч таны хэрэгцээ бүрийг бүр 100 хувь сэтгэл ханамжтай хангахын тулд олон олон компаниуд, хүмүүс ажиллаж танийг халамжилна гэдэг сайхан зүйл биш гэж үү. Энэ бол маркетингийн нийгэмд бий болгож буй үр ашиг юм.
“Хэрэглэгчийг яаж урт хугацаанд хадгалах вэ?” гэдэг асуудал дээр хэрэглэгчээ сэтгэл ханамжтай байлгаж чадаж байгаа эсэх нь хамгийн чухал. Хэрвээ тухайн хэрэглэгч сэтгэл ханамжтай л байх юм бол танай бүтээгдэхүүнийг хэрэглээд л байна. Тиймээс сэтгэл ханамж хэр байгааг нь мэдэхийн тулд тухайн компани хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулах хэрэгтэй.
Та амьдралдаа хэрэглэгчээ бүтээгдэхүүндээ хэр сэтгэл ханамжтай байгааг тодруулсан хэдэн судалгаанд хамрагдаж байснаа бодоод үз дээ? Ер нь дийлэнх хүмүүсийн хувьд хамрагдаж байгаагүй эсвэл 1 удаа гэсэн хариулт хэлэх байх. Энэ нь манай компаниуд хэрэглэгчийнхээ бүтээгдэхүүнийг нь хэрэглээд хэр сэтгэл ханамжтай байгааг сонирхдоггүй болохыг л харуулж байгаа юм. Мөн нөгөө талаар орчин цагийн маркетингийг агуулгых нь хувьд байгууллага дээрээ нэвтрүүлээгүй, хэт механик байдлаар явж байна гэсэн үг.
Гэтэл Америк, Европын зах зээл өндөр хөгжсөн орнуудад хэрэглэгчийн сэтгэл ханамжийн коеффициентоороо хоорондоо өрсөлдөж байна шүү дээ. Та манай бүтээгдэхүүнийг хэрэглээд сэтгэл ханамжтай байна уу гэдэг асуултад “Тийм” гэдэг хариулт авах хангалтгүй юм л даа. Хэдэн хувь ханамжтай байгааг нь тогтоох хэрэгтэй. 70 хувийн сэтгэл ханамжтай байгаагаа сэтгэл ханамжтай байна гэж хариулсан байж болно шүү дээ. Тэгвэл тэр хэрэглэгчийн тухайн хэрэгцээг 80 хувьтай хангаж чадахаар өөр нэг компани зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлбэл бүх хэрэглэгчээ алдахад бэлэн байна л гэсэн үг.

Хэрэглэгчээ хэр сэтгэл ханамжтай байгаа талаар судалгааг манай компаниуд тэгвэл хэр их хийлгэдэг вэ?

Манай компаниуд өөрсдийх нь нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчидээ хэр сэтгэл ханамжтай байгаа талаар өөрсдөө дүгнэлт гаргаад, өөрөө өөртөө дүн тавиад байх шиг байгаа юм. Ер нь манай компаниар хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжын судалгаа хийлгэе гэж их цөөхөн байгууллагууд ханддаг л даа. Дийлэнхдээ зах зээлдээ тэргүүлэгч байр суурьтай байгаа, орчин цагийн менежментийг үйл ажиллагаандаа сайн нэвтрүүлсэн байгууллагуудаас ийм захиалга ирдэг.

Хэрэглэгчээ урт хугацаанд сэтгэл ханамжтай байлгахын тулд компаниуд юу хийх ёстой вэ?

Хүн гэдэг чинь уйдамхай. Шинэ дэвшилттэй гарч ирж буй зүйлсэд татагдан хэрэглээгээ байнга өөрчилж байдаг. Тэгэхээр хэрэглэгчээ уйдаахгүй, алдахгүй нь тулд хүсэл шаардлагад нь нийцүүлэн бүтээгдэхүүндээ шинэчлэл өөрчлөлтийг цаг алдалгүй хийж байх хэрэгтэй. Ямар ч бүтээгдэхүүн мөнхөд сайн зарагдаад байна гэж байхгүй өөрийн зах зээлээс шахагдах тодорхой хугацаатай байдаг. Тиймээс бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг уртасгахад хэрэглэгчийн өсөн нэмэгдэж буй хэрэглээний шинэ хандлагад тохируулан бараа бүтээгдэхүүнээ сайжруулж байх асуудал нэн чухлаар тавигддаг.
Nokia брендийн гар утас гэхэд ямар хурдтайгаар хэрэглэгчийнхээ хэрэглээний хандлагад тохируулан дараа дараачийн загваруудаа гаргаж байгааг харж болно. Хэрвээ Nokia ингэж хурдтай шинэчлэл өөрчлөлтөө хийж чаддаггүй байсан бол хүмүүс өөр илүү дэвшилттэй хурдтайгаар өөрчлөлтүүдийг хийж байгаа компаний гар утсыг сонгох болно. Үүнд хэрэглэгчийн буруутгах аргагүй танай компаний удаан, унхиагүй байсны буруутан нь хэрэглэгчид биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр байгууллагын хөгжилд Маркетинг албаны үйл ажиллагаа их үүрэгтэй гэсэн үг үү?

Маркетинг гэдэг нь маш өргөн цар хүрээтэй, зөвхөн маркетингийн алба биш тухайн бизнесийн байгууллагын эд эс бүхэнд хамаатай зүйл юм. Зарим томоохон бизнесийн байгууллагыг хараад “Энэ байгууллагын зорилго нь юу юм бол?” гэж бодогдох нь бий. Тэгэхээр тэр компанийн зорилго нь тодорхой бус харагдаж байна гэсэн үг. Мэдээж бизнесийн байгууллага ашиг олох гэсэн зорилготой ч, энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хэрхэн урт хугацаанд хэрэглэгчийнхээ эрэлт хэрэгцээг сэтгэл ханамжтайгаар хангах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.
Жишээлбэл “Cocа cola” компанийн зорилго нь “Хүний амны цангааг тайлах” юм. Яаж насан туршид нь сэтгэл ханамжтайгаар амны цангааг нь тайлах вэ гэдгийг бүх ажилчид нь зорилгоо болгоод ажилладаг. Хүмүүсийн амны цангааг тайлахын тулд тэнд үйлдвэрийн ажилчид хэрэгтэй, удирдлага, нарийн бичиг, маркетинг, борлуулалтын ажилтнууд хэрэгтэй, эдгээр ажилтнуудын ажиллах оффис хэрэгтэй, оффисын байшингаа ая тухтай, цэвэрхэн байлгахын тулд цэвэрлэгч хэрэгтэй. Зөвхөн хүний амны цангааг тайлахын тулд тийм олон хүн тэнд ажиллаж байна. Ер нь тухайн байгууллагын бүх ажилчид байгууллагынхаа зорилгыг мэдээд тэр зорилгынхоо төлөө л хамтаараа ажиллах юм бол амжилт олно. Зарим байгууллагын хүмүүс “Энэ хүн надад цалин өгдөг учраас би энэ хүний төлөө ажиллах ёстой” гэж бодож, “босс”-ынхоо төлөө ажилладаг. Гэтэл үнэн хэрэгтээ танай байгууллагын босс биш, үйлчлүүлэгчдээс орж ирсэн мөнгийг та цалин болгож авдаг гэдгийг ухааран, үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийн төлөө ажиллах хэрэгтэй юм.

Сүүлийн асуултыг таньд нээлттэй үлдээе, манай сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Манай компанийг, намайг урьж ярилцлага хийсэн танай хамт олонд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье. Уншигч болгоноо байнга сэтгэл ханамжтай байлгаж, урт хугацаанд амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэж байна. Манай компани бизнес эрхлэгч нартаа өөрсдийнхөө чадах мэдэх зүйлээр тус болж чадвал их баяртай байх болно. Манай компаний веб сайтаар зочилж, илүү дэлгэрэнгүй танилцаарай. /www.mmcg.mn/ Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ

Барааны тэмдэг

Барааны тэмдэг (trademark) нь иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийлэл юм.
Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль
3.1.1. “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг;
4.1. Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.
Оюуны өмчийн газар 2021 онд 4,642 барааны тэмдгийн мэдүүлэг хүлээн авсан нь 2020 онтой харьцуулахад 452 мэдүүлгээр буюу 10.8%-аар өсжээ. 2021 онд 3,308 барааны тэмдэгт эрхийн хамгаалалтын гэрчилгээ олгосон нь өмнөх оныхоос 720 барааны тэмдгээр буюу 17.9%-аар буурчээ. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар барааны тэмдгийн гэрчилгээ 10 жил хүчинтэй байдаг бөгөөд 2021 оны байдлаар 51,784 барааны тэмдгийн гэрчилгээ хүчинтэй байна. Хүчинтэй барааны тэмдгийн тоо сүүлийн гурван жилийн хугацаанд жил дараалан 1.9%-5.9%-аар нэмэгджээ.
Барааны тэмдгийн мэдүүлэг, эрхийн хамгаалалт олгосон болон хүчинтэй байгаа барааны тэмдгийн тоо
2018
2019
2020
2021
Барааны тэмдгийн мэдүүлгийн нийт тоо
4,374
4,603
4,190
4,642
Дотоодын мэдүүлэг
1,431
1,581
1,663
2,222
Гадаадын мэдүүлэг
576
619
529
502
Мадридын хэлэлцээр болон Протоколын дагуу мэдүүлсэн олон улсын мэдүүлэг
2,367
2,403
1,998
1,918
Эрхийн хамгаалалт олгосон барааны тэмдгийн нийт тоо
3,505
3,927
4,028
3,308
Хүчинтэй байгаа барааны тэмдэг
45,696
47,983
50,809
51,784

Эх үүсвэр: Оюуны өмчийн газар (https://www.ipom.gov.mn/mn.php?page=53)

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын “Дэлхийн оюуны өмчийн үзүүлэлтүүд-2021” (https://www.wipo.int/publications/en/) тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 168 оюуны өмчийн байгууллагаар дамжуулан 2020 онд 17.2 сая барааны тэмдгийн 13.4 сая мэдүүлэг хүлээн авсан нь 2019 оноос барааны тэмдгийн тоо 13.7%-аар, мэдүүлгийн тоо 16.5%-аар нэмэгджээ. Дэлхийн хэмжээнд 2020 оны байдлаар 64.4 сая барааны тэмдгийн гэрчилгээ хүчинтэй байжээ. Нийт хүлээн авсан барааны тэмдгийн мэдүүлгийн тоогоор Хятад, АНУ, Япон, Иран, Европын холбоо зэрэг улс, бүсийн оюун өмчийн байгууллагууд тэргүүлж байна.
Нэг сая (1,000,000) хүнд ногдох барааны тэмдгийн мэдүүлгийн тоогоор Хятад улс тэргүүлж байгаа бөгөөд уг үзүүлэлт тус улсын хувьд 2019 онд 5,425 байжээ. Энэ үзүүлэлт Англид 2,619, Сингапурт 1,950, АНУ-д 1,402, Арменид 1,323, Бразилд 1,037, Энэтхэгт 236 байжээ. Монгол Улсын хувьд 2019 оны байдлаар 1,000,000 хүнд ногдох барааны тэмдгийн тэмдгийн тоо 1,191 байжээ.

Бүтээгдэхүүний загвар

Тухайн улс орны үйлдвэрлэл, дизайны хөгжил, иргэдийн бүтээлч байдлын түвшнийг илэрхийлэх үзүүлэлт нь тухайн улсад болон олон улсад гаргасан бүтээгдэхүүний загвар (industrial design)-ын мэдүүлэг, тэдгээрт олгосон патентын тоо байж болно.
Оюуны өмчийн тухай хууль
5.1. Оюуны өмчийн дараах эрхийг хамгаална:
5.1.1. зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх;
5.1.2. аж үйлдвэрийн өмчийн эрх.
7.1. Аж үйлдвэрийн өмчийн эрхэд дараах зүйл хамаарна:
7.1.1. шинэ бүтээл;
7.1.2. ашигтай загвар;
7.1.3. бүтээгдэхүүний загвар;
7.1.4. барааны тэмдэг;
7.1.5. газар зүйн заалт.
7.3. Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохих журмын дагуу энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан зүйлийг бүртгэж патент, 7.1.4, 7.1.5-д заасан зүйлийг бүртгэж гэрчилгээ тус тус олгоно.
Патентын тухай хууль
3.1.2. “бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг;
3.1.4. “патент” гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;
3.1.6. “зохиогч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиосон хувь хүнийг;
Оюуны өмчийн газар (ОӨГ) 2021 онд 361 бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан нь 2020 онтой харьцуулахад 72 мэдүүлгээр буюу 24.6%-аар өсжээ. 2021 онд 221 бүтээгдэхүүний загварын патент олгосон нь өмнөх оныхоос 4 патентаар буюу 1.8%-аар буурчээ. Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар бүтээгдэхүүний загварын патент 10 жил хүчинтэй байдаг бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 2,786 бүтээгдэхүүний загварын патент хүчинтэй байна.
Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг, олгосон патент болон хүчинтэй байгаа патентын тоо
2018
2019
2020
2021
Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг – бүгд
269
300
293
365
Дотоодын мэдүүлэг
140
180
167
249
Гадаадын мэдүүлэг
38
3
4
3
Гаагийн хэлэлцээрийн дагуу мэдүүлсэн олон улсын мэдүүлэг
91
117
122
113
Олгосон бүтээгдэхүүний загварын патент – бүгд
271
215
225
221
Дотоодын мэдүүлэг
143
95
102
104
Гадаадын мэдүүлэг
40
3
1
4
Гаагийн хэлэлцээрийн дагуу мэдүүлсэн олон улсын мэдүүлэг
88
117
122
113
Хүчинтэй байгаа бүтээгдэхүүний загварын патент
3,742
3,279
2,643
2,786
Эх үүсвэр: Оюуны өмчийн газар (https://www.ipom.gov.mn/mn.php?page=53)
Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын “Дэлхийн оюуны өмчийн үзүүлэлтүүд-2021” (https://www.wipo.int/publications/en/) тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд 154 оюуны өмчийн байгууллагаар дамжуулан 2020 онд 1.4 сая бүтээгдэхүүний загварын 1.1 сая мэдүүлэг хүлээн авсан нь 2019 оноос бүтээгдэхүүний загварын тоо 2%-аар, мэдүүлгийн тоо 5.6%-аар нэмэгджээ. Нийт бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн тоогоор Хятад, Европын холбоо, БНСУ, АНУ, Турк зэрэг улсууд тэргүүлж байна.
Нэг сая (1,000,000) хүнд ногдох бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн тоогоор БНСУ тэргүүлж байгаа бөгөөд уг үзүүлэлт тус улсын хувьд 2019 онд 1,187 байжээ. Энэ үзүүлэлт Украйнд 105, АНУ-д 70, ОХУ-д 31, Бразилд 20, Энэтхэгт 7 байжээ. Монгол Улсын хувьд 2019 байдлаар 1,000,000 хүнд ногдох бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн тоо 91 байжээ.
Нэг сая (1,000,000) хүнд ногдох бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн тоо, 2019 оны байдлаар
Эх үүсвэр: “World Intellectual Property Indicators 2020”, WIPO.

Олон улсын худалдааны төв (International Trade Center)-ийн Худалдаа зураглал (Trade Map)-ын мэдээллийн сан, аналитик хэрэглүүрүүд:

Орчин үед экспортын зах зээлийн боломжийг ОУХТ-ийн Trade map дата баазад тулгуурлан боловсруулах болсон. Ийм төрлийн судалгааг хийхэд гол төлөв Харьцангуй давуу талыг тодорхойлох индекс буюу экспорт/импортын RCI (Revealed comparative advantage indices) -ийг ашигладаг.

Гадаад худалдааны талаарх мэдээллийг хайхад олон улсын худалдаа, гаалийн статистикт ашигладаг ангилал, код, тухайлбал Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС буюу Harmonized System) талаарх мэдлэгтэй байх шаардлагатай. (https://intracen.org/ )
(https://www.trademap.org/Index.aspx)

Тухайн улсын болон хот, орон нутгийн засаг захиргааны статистикийн байгууллагаас гаргасан статистик мэдээлэл, эмхэтгэл, судалгааны тайлан:

Хятад улсын статистик мэдээллийг Хятадын Үндэсний Статистикийн Газар (National Bureau of Statistics of China)-ын цахим хуудаснаас авах боломжтой. Цахим хуудасны Data гэсэн цэсээс Annual Data буюу Жил бүрийн статистик мэдээлэл хэсэг дээр дарж жилийн статистикийн мэдээлэл (China Statistical Yearbook)-ийг онлайнаар харах боломжтой. Мэдээллийг нийт Хятад Улс болон сонирхож буй бүс нутаг мужаар нь (Өвөр Монгол, Хэбэй, Шанси гэх мэт), хотуудаар нь (Хөх хот, Үрүмчи, Баотоу, Харбин гэх мэт) болон салбараар болон сэдэвчилсэн байдлаар (үнийн мэдээлэл, жижиглэн худалдааны болон хүнсний үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлтүүд гэх мэт) хүснэгт, тоо мэдээллийг авч ашиглаарай.
http://www.stats.gov.cn/english/Statisticaldata/AnnualData/

Оросын холбооны улс (ОХУ)-ын статистик мэдээллийг Холбооны статистикийн алба (Федеральная служба государственной статистики – Росстат)-ны https://rosstat.gov.ru/statistic цахим хуудаснаас жилийн статистикийн эмхэтгэл (статистический ежегодник), бүс нутгийн нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүд зэрэг эмхэтгэл, мэдээллийг авч болнов

Солонгос улсын хувьд Монголын Статистик мэдээллийн нэгдсэн сан (http://1212.mn/) -тай адил Korean Statistical Information Service (KOSIS – https://kosis.kr/eng/) цахим хуудсаар статистик мэдээллийг хэрэглэгчдэд хүргэдэг.

Япон улсын хувьд Японы статистикийн товчоо (Statistics Bureau of Japan)-ноос эрхлэн гаргадаг статистикийн мэдээллийг тус байгууллагын цахим хуудаснаас авах боломжтой. https://www.stat.go.jp/english/

Тухайн улсын салбарын яам, агентлаг, төрөлжсөн судалгааны институт, мэргэжлийн холбоодын салбарын тайлан мэдээлэл, статистик мэдээллийн сан:

Солонгосын олон улсын худалдааны нийгэмлэг (Korea International Trade Association – KITA)-ийн цахим хуудасны Статистик цэсээс Солонгос улс аль улсаас ямар төрлийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг талаарх мэдээллийг авч болох юм. Гадаад худалдааны талаарх мэдээллийг хайхад олон улсын худалдаа, гаалийн статистикт ашигладаг ангилал, код, тухайлбал Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС буюу Harmonized System) талаарх мэдлэгтэй байх шаардлагатай.
http://kita.org/

Монгол Улсын экспортын голлох орнууд болох ОХУ, Солонгос, Хятад, Япон зэрэг улсын хувьд өөрсдөө үйлдвэрлэгч, экспортлогч улс орнууд учраас салбарын яам, төрийн байгууллагууд нь дотоодын үйлдвэрлэл, худалдаа, хэрэглэгчийн зах зээлийн талаарх тайлан, мэдээллийг төдийлөн гаргадаггүй. Харин гадаад худалдаа, экспорт жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг дэмжих чиглэлээр ажилладаг төрийн байгууллага, агентлагууд, институт зэргийн мэдээлэл судалгааг авч ашиглах нь илүү үр дүнтэй байх талтай. Экспортод бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж байгаа Монголын үйлдвэрлэгчдийн хувьд эдгээр байгууллагуудтай холбоо тогтоож, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх, цаашлаад тухайн улс, бүс нутгийн үйлдвэрлэгч, худалдаачидтай хамтран ажиллах, тухайн бүс нутгийн зах зээлийн талаарх мэдээлэл, судалгаа авах зэрэг боломж нээгдэнэ. Тухайлбал, Оросын Экспортын Төв (Russian Export Center)-өөр дамжуулан Буриадын БНУ-ын бизнес эрхлэгчидтэй холбогдох боломжтой.
https://www.exportcenter.ru/en/

Зах зээлийн талаарх судалгааны тайлан, мэдээлэл гаргаж борлуулдаг судалгаа, зөвлөх үйлчилгээний агентлагуудын зах зээлийн судалгааны тайлан мэдээлэл, мэдээллийн сан:

Ихэнхдээ энэ төрлийн зах зээлийн судалгааны тайлан мэдээлэл, мэдээллийн сан нь ашиглахад төлбөр төлөх шаардлагатай болдог. Эдгээр төрлийн тайлан мэдээлэл нь илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг өгөх боломжтой. Эдгээр агентлагууд ихэнх тохиолдолд ерөнхий статистик мэдээлэл, өмнөх хугацааны судалгааны мэдээллийг шууд харах, ашиглах боломжтой байдлаар нийтэлж, илүү дэлгэрэнгүй тайлан мэдээлэл, шинэчилсэн тоо мэдээлэл авахыг хүсвэл дэлгэрэнгүй тайлан, мэдээллийг санг ашиглах эрх нь төлбөртэй байдаг. Хэрэв та ерөнхий статистик мэдээлэл, өмнөх хугацааны судалгааны мэдээлэл хангалттай гэж үзвэл шууд авч ашиглаж болно. Хэрэв та илүү нухацтай үзэж, тэр хэмжээний мөнгийг төлөх боломжтой байгаа бол тайлан, мэдээллийг худалдан авч ашиглаж мөн болно.
Энэ төрлийн агентлагууд нь маркетингийн судалгааны салбарын нэг гол хэсэг болоод байна. Судалгааны салбарын дэлхийн мэргэжлийн холбоо ЭЗОМАР (ESOMAR) байгууллагаас 2022 онд гаргасан Дэлхийн маркетингийн судалгааны зах зээлийн 2021 оны тайланд дурдсанаар энэ төрлийн үйл ажиллагаа (Reporting)-ны орлого 2020 онд 24.9 тэрбум ам.долларт хүрсэн нь нийт маркетингийн судалгааны салбарын нийт орлогын 27.7%-ийг эзэлж байжээ.
“Reporting” гэдэг нь тоо мэдээллийг холбогдох эх үүсвэрээс олж авч шалгаж баталгаажуулан анализ хийж (хоёрдогч тоо мэдээллийн анализ хийж), дараа нь захиалагч болон хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаа юм. Хүргэх хэлбэр нь тайлан, мэдээллийг онлайнаар хэрэглэгчдэд худалдах, төлбөртэй ашиглуулах, танилцуулах семинар зохион байгуулах, судалгаа мэдээлэлд үндэслэн бизнесийн зөвлөгөө өгөх зэрэг хэлбэртэй байж болно. Үндсэн бизнес нь анхдагч тоо мэдээлэл цуглуулах биш гэхдээ дүгнэлт зөвлөмж гаргаж өгдөг Gartner, Forrester, Mintel, IHS Markit, Euromonitor, Deloitte, McKinsey & Co., PwC гэх зэрэг компаниуд энд багтдаг.
“Global Market Research 2021: An ESOMAR Industry Report in cooperation with BDO Accountants & Advisors” ESOMAR, 2022 “ESOMAR’s Global Top 50 Insights Companies 2022: Presenting the leaders of the industry” ESOMAR, July 2022

IHS Markit компанийн хувьд автомашин, олон улсын худалдаа, уул уурхай, санхүүгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарын 1500 гаруй мэдээллийн сан (Data Lake), 350 гаруй судалгаа шинжилгээний тайлан мэдээлэл зөвлөмж (Industry Cases), 5000 судлаач, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөх үйлчилгээг санал болгодог.
https://ihsmarkit.com/

IBIS World-ийн хувьд 1000 гаруй салбарыг хамардаг бөгөөд Ази, Номхон далайн бүсээс зөвхөн Хятад, Австрали, Шинэ Зеланд улсын зах зээлийн мэдээллийг гаргадаг. Мэдээж мэдээллийн сан, тайланг татаж авах, ашиглахад төлбөртэй хэдий ч ерөнхий мэдээлэл, үндсэн статистик мэдээллийг үнэ төлбөргүй шууд авч ашиглах боломжтой. IBIS World-ийн салбарын тайланг холбогдох мэдээллээ оруулаад үнэгүй татаж авч үзэж болох бөгөөд уг тайланд, салбарын зах зээлийн хэмжээ, чиг хандлага, салбарын гол тоглогчид, SWOT шинжилгээ гэх зэрэг таны цаашдын бизнес төлөвлөгөө, стратеги боловсруулахад чухал хэрэгтэй мэдээллийг өгөх болно. Улс, овог нэр, мэйл хаяг зэрэг цөөхөн хэдхэн мэдээллээ оруулаад үнэгүй тайланг татаж аваад үзчих хэрэгтэй. Таны яг хүссэн мэдээлэл агуулагдаагүй байж болох хэдий ч санаа авах олон зүйлийг эндээс олж авна гэж найдаж байна.
https://www.ibisworld.com/

Economic Intelligence Unit-ийн мэдээлэл тайлан нь хэт ерөнхий байх талтай. Гэхдээ тухайн зах зээлд нэвтрэхэд анхаарах асуудал зөвлөмжийг тухайн орны салбарын экспертүүд өгсөн байдгаараа давуу талтай. Country Analysis хэсэгт 190 гаруй улсын эдийн засгийн боломж, эрсдэлийн талаарх мэдээллийг агуулсан аналитик тайлан байдаг.
https://www.eiu.com/

Бидний хэрэгцээнд Statista-гийн мэдээлэл судалгаа илүү тохирох талтай. Statista-гийн платформоос тухайн нэг улс орны зах зээл, тухайн төрлийн бүтээгдэхүүний зах зээлийн талаарх статистик мэдээлэл, сэдэвчилсэн судалгааны тайланг харах боломжтой. 150 гаруй улс, 170 салбарын тайлан, статистик мэдээллийг агуулсан байдаг.
https://www.statista.com/

Үндэсний статистикийн хорооны албан ёсны Статистик мэдээллийн нэгдсэн сан

Монголын зах зээлийн мэдээллийг авах бусад эх сурвалжууд

Тун удахгүй …

ТУН УДАХГҮЙ

COMING SOON