Судалгааны ажлын хүрээнд хэрэглэгчдийн Ус Сувгийн Удирдах Газрын тухай ойлголт, хандлага болон бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгааг мэдэх зорилгоор нийслэлийн 7 дүүргийн орон сууц болон гэр хорооллын хэрэглэгчид, нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудыг хамруулан асуулга болон ярилцлагын аргаар судалгааг хийж гүйцэтгэсэн болно.
Мөн судалгааны ажлын нэг онцлог нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индексийг тусгай томьёны дагуу тооцоолол хийн гаргаж өмнөх оны судалгааны үр дүнтэй харьцуулж, үр дүнг үнэлсэн томоохон судалгааны ажил болсон юм. Энэ нь тус байгууллагын хувьд хэрэглэгчидтэй хэрхэн яаж ойр хамтран ажиллах болон дараа дараагийн үйл ажиллагаагаа үнэлж дүгнэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөх, үйл ажиллагааныхаа юун дээр нь илүү анхаарах зэрэг асуудалд бодитой хандах үндэс болж байгаа нь судалгааны ач холбогдлыг илүү өндөр түвшинд хүргэж байгаа юм.