Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын (НЗДТГ) захиалгаар Улаанбаатар хотын иргэдийн ”Хотын хөгжлийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК хийж гүйцэтгэлээ.
Уг судалгааны зорилго нь Монгол Улсын нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд тав тухай, амар тайван аж төрж амьдрах нөхцөлийг үнэлэх байсан ба уг судалгаа нь хотын удирдлагууд оршин суугчдынхаа сэтгэл ханамжийн түвшин, тэдний хэрэгцээ, анхаарлаа хандуулж буй болон чухалчилж буй зүйлийг ойлгож мэдэх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл гэдгээрээ онцлогтой.
Сэтгэл ханамжийн судалгаа нь хотын удирдлагууд хэсэг бүлэг цөөн хүний дуу хоолойноос илүү олон нийтийн дуу хоолойг сонсох, олон нийттэй харилцах нэг хэлбэр билээ. Олон нийтийн санаа бодлыг үнэлэхийн зэрэгцээ уг судалгаа нь урт хугацааны төлөвлөлт хийх, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төсөв боловсруулах, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх стратегийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Гүнзгийрүүлсэн болон өгөгдлийн шинжилгээг багтаасан зах зээлийн, нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны (ISO 20252:2019) олон улсын стандартын дагуу тоон болон чанарын судалгааны арга зүйг хослуулан УБ хотын 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.
Судалгаагаар нийслэлийн иргэд хувь хүний аюулгүй байдлын үзүүлэлтүүдэд хамгийн их сэтгэл ханамжтай байсан бол эрүүл мэндийн үзүүлэлтүүдэд сэтгэл ханамжийн түвшин хамгийн бага байлаа.