Энэхүү сүү боловсруулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг бизнесийн судалгааны “ММCG” ХХК-ий удирдлагаар боловсруулан гаргасан бөгөөд БНХАУ-ын Longchen Dairy Equipment компани болон бүх Хятадын ХАА-н механикжуулалтын академийн экспертүүд хамтран ажилласан болно.
Уг судалгааны ажил нь хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтай хуурай сүүний үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл болон хоногт 2 тн, 5 тн хүртэлх сүү боловсруулах үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Архангай, Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг үхэр олонтой Хангайн бүсийн 5 аймагт хоногт 30 тн хүртэл сүү хүлээн авч боловсруулах хүчин чадалтай хуурай сүүний үйлдвэрийг байгуулах боломжтой бөгөөд эдгээрийн техник – эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гаргасан.
Харин сүүний гарц багатай буюу үйлдвэрлэлийн дэд бүтэц нь сул хөгжсөн аймаг, сумдад барьж байгуулахаар төлөвлөж буй, хоногт 2 тн, 5тн хүртэл сүү хүлээн авч боловсруулах хүчин чадал бүхий сүүний үйлдвэрүүдийг барьж байгуулах төслийн ТЭЗҮ нь бүс нутгийн түүхий эдийн нөөц, сүү бэлтгэлийн тогтолцоо, зах зээлийг харгалзсан, техник технологийн шийдэл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн тооцоо судалгааг багтаасан баримт бичиг юм.
Монгол орны бүс нутгуудын түүхий эдийн нөөц, сүү бэлтгэлийн тогтолцоо, зах зээлийн онцлог нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр орон нутагт бэлтгэсэн түүхий сүүг хүлээн авч боловсруулах үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах энэхүү төсөлт ажил нь дотоодод бэлтгэсэн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж зах зээлд нийлүүлэх замаар хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, зах зээлд нийлүүлж буй сүү, сүүн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, нэр төрлийг нь олшруулах, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэглээний огцом хэлбэлзлийг бууруулах, хот хөдөөд хэрэглээний адил тэгш боломжийг бүрдүүлэх замаар энэ төрлийн бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжиж буй болгоход чиглэгдсэн.