Та өглөө ажилдаа явахдаа ямар тээврийн хэрэгсэл ашигладаг вэ? Бусад олон мянган машины жолооч нарын адилаар өглөө бүр замын түгжрэлд бухимдаж сууна уу? Нийслэлийн иргэд өглөө ажил сургуульдаа явахдаа болон орой ажил тарах үеэр замын түгжрэлээс шалтгаалан олон цагийг зүгээр л машинд сууж өнгөрөөдөг болоод удаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах асуудал нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байгаа билээ. Хотын замын түгжрэлийг бууруулах, улмаар стресс багатай эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд нийтийн тээврийн үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах шаардлагатай. Нэн ялангуяа алслагдсан дүүрэг, гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээ нь хэрэгцээ шаардлага хангахгүй, айл өрх бүр машинтай байхаас өөр аргагүй байдлыг үүсгэж байна.
Манай компани энэ удаад Чингэлтэй дүүргийн 17, 18-р хорооны нутаг дэвсгэр, Чингэлтэйн гудамж дагуу байрлалтай өрхүүдийн нийтийн тээврийн үйлчилгээний талаарх судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус гудамжны дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх Азийн Хөгжлийн Банкны “Гэр хороолол дахь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах нь” төслийн суурь судалгаанд нийт 600 иргэн оролцлоо.
Судалгаанд өндөр настай иргэд, оюутан сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдийн төлөөллийг хамруулж, гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, нийт иргэдэд ээлтэй, хүртээмжтэй болгох талаар санал хүсэлтийг нь цуглууллаа. Үүнд гэр хорооллын орчны аюулгүй байдал, нийтийн тээврийн автобус, жолооч, зорчигчдын хандлага, зан төлөв, албан бус такси үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээний мэдээлэл, UB Smart апплекэйшн зэрэг зүйлсийг хамруулсан.
Тус төслийн хүрээнд Чингэлтэйн гудамж дагуух автобусны буудлуудыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, иргэд олон нийтийн оролцоотойгоор нийтийн тээврээр зорчигчид болон явган зорчигчдыг соёлтой, зөв хандлагатай болгох чиглэлээр ажиллах гэж байна. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр зөвхөн тус гудамж дагуух гэлтгүй Улаанбаатар хотын бусад гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд илүү ээлтэй, хүртээмжтэй болгох үндэс суурь тавигдах юм.