Оросын холбооны улс (ОХУ)-ын статистик мэдээллийг Холбооны статистикийн алба (Федеральная служба государственной статистики – Росстат)-ны https://rosstat.gov.ru/statistic цахим хуудаснаас жилийн статистикийн эмхэтгэл (статистический ежегодник), бүс нутгийн нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүд зэрэг эмхэтгэл, мэдээллийг авч болнов
Маркетингийн судалгааны агентлаг
Menu
Маркетингийн мэргэжлийн судалгааны агентлагтай хэрхэн хамтран ажиллах вэ?
Маркетингийн мэргэжлийн судалгааны агентлагаар маркетингийн судалгааг гүйцэтгүүлэх нь:
- Олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан өөрийн гэсэн судалгааны арга, аргачлалаа боловсруулж, бусад салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн судалгаанд ашиглаж туршлага хуримтлуулсан байдаг.
- Тодорхой салбар, бүтээгдэхүүний зах зээл, хэрэглэгчдийн талаарх харьцуулах суурь мэдээлэл (benchmark)-тэй болсон байдаг учраас зөвхөн тухайн нэг төслийн судалгааны мэдээллийг шууд ашиглан дүгнэлт хийдэггүй, олон талаас харсан, харьцуулсан дүгнэлтийг хийдэг.
- Зах зээлийн нөхцөл байдлыг дүгнэж гаргаж өгөхөөс гадна хэрхэн ажиллах стратеги шийдлийг зөвлөдөг.
- Судалгааг төлөвлөх, тохиромжтой арга зүйг сонгох, зорилтот хэрэглэгчдийг хэрхэн олж мэдээлэл цуглуулах, судалгааны мэдээллийг шалгаж засварлах, мэдээлэлд анализ шинжилгээ гэх мэт бүхий процесс нь тогтсон, өөрсдийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцтэй.
- Судалгааны үр дүнд бодитой хандаж, хөндлөнгөөс дүгнэлт зөвлөмжийг гаргаж өгдөг зэрэг маш олон давуу талтай.
Маркетингийн судалгааны агентлагууд захиалагчийн хүсэлтийн дагуу судалгааны төлөвлөлтийг хийж, мэдээллийг цуглуулж, анализ хийж, дүгнэлт зөвлөмж гаргаж өгөх бүрэн хэмжээний үйлчилгээ (full research service)-г үзүүлэхээс гадна зөвхөн мэдээлэл цуглуулж өгөх зэрэг хэсэгчилсэн үйлчилгээг мөн үзүүлдэг. Тэгэхээр та бүхэн өөрсдийн судалгааны хэрэгцээ шаардлага, зорилго, түүн дээр үндэслэн гаргах гэж байгаа шийдвэр, өөрсдийн ур чадвар, санхүү, хүний нөөцийн чадавхдаа үндэслэн судалгааны агентлагтай аль ч хэлбэрээр хамтран ажиллаж болно.
Хамтран ажиллах маркетингийн судалгааны агентлагийг сонгохдоо тухайн байгууллагын туршлага, түүний дотор салбарт өмнө ижил төстэй судалгааны төсөл хэрэгжүүлж байсан эсэх, хүний нөөцийн болон мэдээлэл цуглуулалтын тоног төхөөрөмж, программ хангамжийн чадавх, судалгааны арга аргачлал, урьдчилан өгч буй зөвлөгөө, салбарын мэргэжлийн ёс зүй, чанарын стандартыг дагаж мөрддөг эсэх зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Маркетингийн судалгааны үр дүн, дүгнэлт зөвлөмжид үндэслэн та, танай компани шинэ үйлдвэр байгуулах, үйлдвэрлэлийн шинэ шугам суурилуулах, экспортын зах зээлд гарах зэрэг хөрөнгө оруулалт ихээхэн шаардах, эрсдэлтэй шийдвэрийг гаргах гэж байгаа учир ийнхүү нухацтай хандах нь зүйтэй.
ТАНЫГ ГАРГАСАН ШИЙДВЭРТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙЖ, УЧИРЧ БОЛОХ ЭРСДЛИЙГ УРЬДЧИЛАН ХАРЖ, ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨСӨН БАЙХАД ТАНЬ МАРКЕТИНГИЙН СУДАЛГАА ТУСАЛНА. НӨГӨӨ ТАЛААС ТАНЫ БИЗНЕСТ ТУЛГАМДААД БАЙГАА АСУУДЛЫГ ОНОШИЛЖ ӨГНӨ.
Таны ажиллаж буй салбарт бусад өрсөлдөгчид гарч ирж, хэрэглэгчид тэднийг сонгох болж, борлуулалт буурах зэрэг олон асуудал таны бизнест тулгарна. Та магадгүй экспортод бүтээгдэхүүнээ гаргая, гэхдээ манай бүтээгдэхүүн тухайн зах зээлд зарагдах болов уу гэсэн эргэлзээтэй байж болно.
Маркетингийн судалгааг та эмнэлэгт очиж, оношилгоо хийлгэж, эмчилгээ, зөвлөгөө авахтай адилтгаж ойлгож болох юм. Таны толгой удаан хугацаанд өвдөж байгаа гэж бодъё. Та эхлээд эмчид үзүүлнэ. Эмч танаас “Юу нь өвдөөд байна? Зовуурь байна? Хэдийнээс өвдөж эхэлсэн бэ?” гэх мэтээр асууна. Та түүнд нь хариулна.
Яг үүнтэй адилаар та сонгосон маркетингийн судалгааны агентлаг дээрээ очоод ямар бизнес эрхэлдэг, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, одоо тулгамдаад байгаа асуудал эсвэл бодож зорьж байгаа зүйл, гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар ярьж өгнө гэсэн үг. Эмчийн хувьд таны ярьсан зүйл, тухайн үед хийсэн үзлэг, оношилгоо зэрэгтээ үндэслээд таныг нарийвчилсан шинжилгээ, эсвэл тархины бичлэг хийлгэхээр явуулна. Энэ нь бидний яриад байгаа маркетингийн судалгаа шүү дээ. Эмч оношилгоо, шинжилгээний үр дүнтэй танилцаад дүгнэлтээ хийж, таны өвчний шалтгааныг тодорхойлж, эмчилгээ хийдэг эсвэл зөвлөгөө өгдөг. Үүнтэй адилаар маркетингийн судалгааны агентлаг маркетингийн судалгааны үр дүнд үндэслэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, шинэ зах зээл дээр хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгнө.
Экспортын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа тохиолдолд тухайн улс, бүс нутаг, хотын зах зээлийн талаарх судалгаа хийлгэх шаардлагатай болно. Энэ тохиолдолд судалгааны мэдээлэл цуглуулалтыг тухайн улс, бүс нутгийн компаниар гүйцэтгүүлбэл илүү үр дүнтэй. Учир нь тэд улс, бүс нутгийнхаа хэрэглэгчдийн хэл соёл, зан төлөвийг илүү сайн мэднэ. Мөн хэнээс, хаанаас, хэрхэн судалгааны мэдээллийг цуглуулахыг маш сайн мэднэ. Гэхдээ юуны өмнө дотоодын буюу Монголын судалгааны компанид хандаж, тэднээр судалгааны дизайн арга зүй, мэдээлэлд дүн шинжилгээ ажлыг хийлгэж, мэдээлэл цуглуулалтыг тухайн улсын судалгааны агентлагаар хийлгэх нь зүйтэй.
Ингэхдээ Монголдоо болон зах зээлийн судалгааны хийх гэж буй тухайн улс, бүс нутаг, олон улсын мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй, олон улсын стандартыг дагаж мөрддөг компанид хандах нь зүйтэй. Тэдгээр байгууллагууд мэргэжлийн холбооноос гаргасан ёс зүйн дүрэм, стандартыг дагаж мөрддөг, мэргэжлийн холбооноос зохион байгуулдаг хурал зөвлөгөөн, сургалт, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд оролцох, харилцах мэдээлэл солилцох нэгдсэн ойлголт, арга зүйтэй болсон байдаг учраас тэдгээр байгууллагын туршлага, чадавхад эргэлзэх зүйлгүй болох юм.
Эдгээр байгууллагуудын харилцах хаяг, мэдээллийг хаанаас олж, хэрхэн хандах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Дэлхийн маркетингийн судалгааны мэргэжлийн хамгийн том байгууллага нь 1947 онд байгуулагдсан 130 гаруй орны 750 гаруй судалгааны байгууллага, 40 мянга орчим судалгааны мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн ЭЗОМАР (ESOMAR) (https://esomar.org/about-esomar) байгууллага юм. Уг байгууллагын мэдээллийн сан (ESOMAR Directory) (https://directory.esomar.org/)-гаас тухайн улс оронд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн судалгааны байгууллагын мэдээллийг авч болно.
ЭЗОМАР-ын мэдээллийн санд бүртгэлтэй бүх судалгааны байгууллага нь ЭЗОМАР-ын корпорэйт гишүүн байдаг бөгөөд уг мэдээллийн санд бүртгүүлэхийн тулд Олон улсын худалдааны танхим болон ЭЗОМАР-ын хамтран гаргасан Маркетинг, нийгмийн судалгааны олон улсын мэргэжлийн кодыг дагаж мөрдөхөө илэрхийлж, мэргэжлийн стандартыг өндөр түвшинд дагаж мөрддөг болохоо батлан харуулсан байдаг. Иймээс олон улсын компаниуд харилцагчид судалгааны үйлчилгээ шаардлагатай болсон тохиолдолд энэ мэдээллийн санд бүртгэлтэй компаниуд руу шууд ханддаг.