Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт нь нийгмийн хөгжил, эдийн засгийн бүтээмжийг дэмжих, хөдөлмөрийн зах зээл, ур чадварын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн ур чадвар бүхий иргэн бэлтгэж, мэргэшлийн түвшин ахиулах, тасралтгүй хөгжих хэрэгцээг хангахад оршдог. Иймд, МБСБ-ын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах нь чухал юм.
Энэ хүрээнд Эм Эм Си Жи ХХК нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр МБСБ-уудын үйл ажиллагаанд суурилсан зардлын тооцооллыг хийх, түүнд үндэслэн мэргэжлийн онцлогт нийцсэн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн оновчтой шийдлийг боловсруулах зорилгоор “Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог турших нь” зөвлөх үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.
Ажлын хүрээнд дараах ажлыг хийлээ. Үүнд:
- МБСБ-уудын зардлыг шинжлэх замаар нэг суралцагчид ногдох бодит гүйцэтгэл болон шаардлагатай хувьсах зардлын тооцоог хийсэн.
- МБСБ-уудын багш нарын цалингийн бүтцэд шинжилгээ хийсэн.
- МБСБ-уудын чадамжид суурилсан дадлага ажлын материал, багаж хэрэгсэл; хөдөлмөр хамгааллын хэрэгслийн зардалд шинжилгээ хийсэн.
- Тооцоо судалгааны үр дүнд үндэслэн Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын үйл ажиллагаанд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан Гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх санал зөвлөмжийг боловсруулан GIZ болон Боловсрол шинжлэх ухааны яаманд хүлээлгэн өгсөн.
Сурдалгааны үр дүнгээс дурдвал, Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн хөтөлбөрийн нэг суралцагчид ногдох хувьсах зардал мэргэжлийн онцлогоос шалтгаалан 1.3 сая төгрөгөөс 4.5 сая төгрөгийн хооронд байна. Тухайлбал, мэргэжлийн боловсрол олгох гагнуурчны 1 жилийн хөтөлбөрийн нэг суралцагчид ногдох хувьсах зардал дунджаар 3.1 сая төгрөг байна.