Дэлхийн хотуудын авто замын дундаж хурд IMS (Intelligent Mechatronic Systems) байгууллагын мэдээлснээр 30 км/ц орчим байгаа бол манай хотын авто замын дундаж хурд 13км/ц, ачаалалтай үеийн дундаж хурд 8-9 км/ц хүрсэн байгаа нь дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотуудтай дүйцэх хэмжээнд ирсэн байгааг харуулж байгаа юм.
Улаанбаатар хотын авто замын дундаж хурд жил ирэх тусам удааширч байгаа нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байгаа. Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд авто замын түгжрэлээс үүдэн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг судлах, алдагдсан боломжийг өртгийг нарийвчлан тооцох шаардлагатай болсны үндсэн дээр Нийслэл хотын 2021 оны авто замын түгжрэлийн алдагдсан боломжийн өртгийг олон улсад ашиглагддаг жишиг аргачлалын дагуу тооцоолж гаргалаа.