Манай улс шилийг 100% импортолдог ба жилд 50 гаруй сая ам.долларын шилийг импортолж, шилэн савлагаатай бүтээгдэхүүний түүхий эд байдлаар ашиглаж байна. Тиймээс шилийг дахин ашиглаж байгаль орчин болон эдийн засгийн хувьд сөрөг нөлөө бага байлгах шаардлага тулгарч байна.
Бид Монгол-Германы хамтарсан технологийн их сургуультай хамтран “Шилэн савлагаатай бүтээгдэхүүний хэрэглээ, дахин ашиглах зан төлөвийн судалгаа”-г хийж гүйцэтгэлээ. Уг судалгаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 12-65 насны 400 иргэн хамрагдсан ба 6 удаагийн фокус бүлгийн ярилцлагыг зохион байгуулсан юм.
Иргэдийн хувьд шилний хаягдлыг ангилан хаях, дахин ашиглах, шил авдаг цэгт тушаах мэдлэг мэдээлэл хомс байна. Шилний хаягдлыг ангилан хаях, дахин ашиглах, тушаах байдлыг нэмэгдүүлэхийн тулд ая тухтай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж иргэд үзжээ.