Коронавируст халдвар (COVID-19) амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин бөгөөд халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар болон бохир гар, эд зүйлсээр дамжин халдварладаг. Монгол улсад уг вирус бүртгэгдсэнээс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Уг вирусээс хамгаалах хамгийн сайн арга нь маск зүүх, хүн хоорондын зай барих болон гараа угаах явдал юм.
Бид дэлхийд тэргүүлэгч судалгааны байгууллага болох Ipsos-той хамтран Ковид-19-н талаарх иргэдийн мэдлэг, хандлага, туршлагыг тодорхойлох судалгааг 4 дэх удаагаа хийж гүйцэтгэлээ. Уг судалгааг утсаар судалгааны дата мэдээлэл цуглуулах (CATI) аргачлалаар үндэсний хэмжээнд төлөөлөх чадвартай түүврийг санамсаргүй түүврийн аргыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Утсаар судалгааны мэдээлэл цуглуулах аргачлалаар цуглуулагдсан дата мэдээллийг ярилцлагын аудио бичлэгтэй тулган шалгаж, чанарын хяналтыг хийж гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнд иргэдэд шаардлагатай мэдээлэл болон буруу ойлголтуудыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний чиглэлийг боловсруулсан.