Өнөөгийн нөхцөлд байгууллагуудын хувьд чадварлаг, хандлага зөв ажилтан өөртөө татах, одоогийн ажилтнаа хадгалах, сургаж хөгжүүлэх нь чухал асуудал болж байна. Мөн ур чадвараас илүү хандлагыг илүү чухалчилдаг байдал нэмэгдэж байна.
Бид барилгын салбарт тоон болон чанарын судалгааны арга аргачлалыг хослуулан ашиглаж байгууллагын соёл бүтээмжийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг судалгааны онцлог нь тухайн ажилтан албан хаагчийг шууд тодорхойлох асуултыг асуудаггүй болно. Энэ нь тухайн ажилтан, албан хаагч ямар нэгэн санаа зовох асуудалгүй үзэл бодлоо нээлттэй чөлөөтэй илэрхийлэхэд тусалдаг.
Уг судалгааны зорилго нь байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, өөрийн брэнд, соёлоо хэрхэн ойлгож байгаа, байгууллагын дотоод уур амьсгал, алба хэлтэс хоорондын хамтын ажиллагаа болон ажилтнуудын сэтгэл ханамж, үнэнч байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлоход чиглэгдсэн.
Судалгааны хүрээнд ерөнхий 6 төрлийн анализ шинжилгээг хийдэг бөгөөд энэ удаа ажилтны үнэнч байдлын индексийн талаар товч мэдээлэл хүргэе. Ажилтан сэтгэл ханамжтай байна гэдэг нь үнэнч байна гэсэн үг биш юм. Иймд бид үнэнч байдлыг тусад нь функциональ болон сэтгэлзүйн 10 төрлийн үзүүлэлтээр хэмжиж тооцдог.