Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-ын захиалгаар “Монгол Улсын шүүхийн өнөөгийн байдлын талаарх олон нийтийн санаа бодлын судалгааг гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнг гаргахдаа шүүхийн талаарх дараах зургаан үндсэн хэмжигдэхүүний хүрээнд олон нийтийн санаа бодлыг судлав. Үүнд:
- Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал;
- Шүүхийн нээлттэй, ил тод байдал;
- Шүүхэд итгэх олон нийтийн итгэл;
- Шүүхийн дэд бүтэц, нөөц;
- Шүүгчийн ёс зүй ба хариуцлага;
- Шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа.
Энэхүү судалгааны үр дүн нь Монгол Улсын Шүүхийн индексийг тооцоход ашиглагддаг. Монгол Улсын шүүхийн индекс нь тухайлан шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлж байгаа бөгөөд олон улстай харьцуулах гэхээс илүү цаг хугацааны хувьд харьцуулах боломжтой буюу хоёр жил тутамд хэмжих юм. Шүүхийн тухай хууль батлагдсан 2021 онд суурь судалгааг хийсэн бөгөөд 2023 онд 2 дахь удаагаа хийсэн. Шүүхийн индекс нь (1) шүүхийн үйл ажиллагааны төлөв байдлыг олон талаас бодитойгоор үнэлэх; (2) шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн шүүхийн тулгамдсан асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлохыг эрмэлзэх; (3) төлөв байдал, тулгамдсан асуудлын үндсэн дээр шүүхийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг хандлагыг тодорхойлоход чухал хэрэгсэл болно гэж үзэж байна. Судалгааны цар хүрээг “шүүх эрх мэдэл” гэж өргөнөөр бус “шүүх” гэж тодорхой институтийн хүрээнд авч үзсэн бөгөөд үүнд, бүх шатны шүүх, шүүхийн захиргааны болон шүүхийн хариуцлагын институтийг хамруулсан болно.
Шүүхийн индексийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://judindex.forum.mn/intro линкээр орж үзнэ үү.